Озэки Тэрүнофүжи өнөөдөр давбал дээд зиндаанд дөрөв дэхээ түрүүлнэ

Мэргэжлийн сумогийн Нацү башёгийн 13 дахь өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нутаг нэгт, маэгашира Ичиножо А.Ичинноровыг барьцтай түлхэх буюу ёрикири мэхээр ялснаар 12 дахь даваагаа авав. Тэрээр тэмцээний 11 дэх өдөр маэгашира Миёгирюүгийн үснээс татаж, харамсалтай ялагдаагүй бол өчигдөр түрүүлэх болзлоо хангах байлаа. Хэрвээ 29 настай арслан маань өнөөдөр маэгашира Эндог давбал эзэн хааны цомыг дөрөв дэхээ хүртэх нь тодорхой болно. Учир нь түүний араас нэхэж буй озэки Такакэйшёо, маэгашира Эндо нар арван даваа, гурван унаатай явна.
Харин үлэмж биет Ичиножо А.Ичинноров найман даваа, таван унаатай бол Чёошёома Г.Мөнхсайхан, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хоошёорюү С.Бямбасүрэн нарынх 6:7, Кирибаяма Б.Лхагвасүрэнгийнх 4:9.

Сэтгэгдэл
Уншиж байна...