ШИ ЖИНЬПИН: ХЯТАД УЛС ИЛҮҮ ЭЕРЭГ ДҮР ТӨРХИЙГ БҮТЭЭХ ШААРДЛАГАТАЙ

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Хятадын дипломат ажилтнууд, элчин сайд нар гадаадын улс орнуудтай харилцахдаа нийгмийн сүлжээг нэлээд идэвхтэй ашигладаг болсон. Ер нь Хятадын дипломат бодлогын онцлог нь маш найрсаг, албаны үгээр, харилцан ашигтай харилцааг хөгжүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлдэг. Хурц ширүүн үг хэллэг хэрэглэхээс нэлээд татгалздаг.

Гэтэл өнгөрсөн хугацаанд Хятадын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нар, зарим улс орнууд, ялангуяа барууны улс орнууд дахь элчин сайд нар нэлээд хурц ширүүн үг хэрэглэж эхэлсэн. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь гэгч АНУ-ыг коронавирусийн цар тахалтай холбоотойгоор буруутгаж байсан Австрали, Их Британи зэрэг олон улс орны эсрэг нэлээд хурц ширүүн үг хэллэгтэй жиргээ бичдэг.

Тэгэхээр энэ бодлого өөрчлөгдөж магадгүй гэж яригдаж байна. Учир нь, өчигдөр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадын дипломат бодлогын талаар өөрийн байр суурь, бодлогыг танилцууллаа. Үүнийг нь барууны хэвлэлүүдэд Хятад улс “Дайчин чоно” гэдэг дипломат бодлогоосоо татгалзаж 180градус эргэж байна гэсэн утгаар бичсэн байна. Өөрөөр хэлбэл, нэлээн түрэмгий, хурц ширүүн үг хэллэг хэрэглэдэг байсан бол одоо Хятадын талаар илүү эерэг ийм дүр төрхийг бий болгохын тулд энэ үг хэллэгээ засахаар болжээ.

Ши Жиньпины хэлсэн үгийг англи хэл рүү, түүнчлэн монгол хэл рүү хөрвүүлж ойлгох юм бол “Хятад улсын талаар дэлхий нийт ойлгохдоо итгэл даахуйц, хайр хүндэтгэл хүлээхүйц ийм улс байх ёстой. Манай Хятад улс дэлхийн улс орнуудтай аль болохоор найрсаг байж, хүрээллээ нэмэх ёстой. Тийм учраас бидний дүр төрх хайр, хүндэтгэл, итгэл хүлээхүйц байх ёстой” гэсэн утга агуулгыг илэрхийлж байна.

Үүнтэй холбоотойгоор ВВС, СNN телевизүүд болохоор Хятад улс “Дайчин чоно” гэгч Барууны улс орнуудтай арцалддаг, эрсэлддэг бодлогоосоо татгалзаж байна гэсэн бол Оросын ИТ телевизийн вебсайт дээр болохоор “Ер нь Хятад улс “Дайчин чоно” гэдэг бодлого хэрэгжүүлээгүй. АНУ болон Барууны улс орнууд Хятад улсыг аливаа асуудлаар хэтэрхий нэг талыг барьж буруутгадаг байсан учраас Хятад улсын хувьд хариу үйлдэл үзүүлдэг байсан. Хүн ч бай, амьтан ч бай өөрийгөө хамгаалахын тулд хариу үйлдэл үзүүлдэг шиг ийм л хариу үйлдэл үзүүлсэн. Хятад улс “Дайчин чоно” гэдэг бодлогыг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй” гэж нэлээд өмөөрсөн маягтай нийтлэл бичсэн байна.

Ямартаа ч Хятадын талаар эерэг дүр төрх бүтээх шаардлагатай гэдгийг ерөнхийлөгч Ши Жиньпин онцолжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...