ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯМРАЛ ЦАР ТАХЛЫН ДАРААГИЙН “ДАВАЛГАА” БОЛЖ БОЛЗОШГҮЙ

Коронавируст цар тахлын хүүхдийн биед үзүүлэх нөлөөг насанд хүрэгчидтэй харьцуулвал тийм ч муу биш байгаа ч коронавируст цар тахлын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь нэлээд өндөр байна гэдгийг эрдэмтэд, судлаачид анхааруулж байна.

Энэ асуудлаар Америкийн Сэтгэцийн холбоо судалгаа хийжээ. Судалгаагаар 18-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн талаас илүү хувь нь коронавируст цар тахал тэдний 1 болон 1-ээс дээш хүүхдийнх нь сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүсгэсэн гэсэн хариултыг өгчээ. Уг судалгааг 3-р сарын 26-наас 4-р сарын 15-ны хооронд онлайнаар зохион байгуулсан байна.

Хүүхдийн эрүүл мэндийн төвийн Зан харилцааны эрүүл мэндийн менежер Ванесса Симпсон “Хүүхдийн сэтгэцэд нөлөөлсөн шалтгаан нь нэг талдаа коронавирусийн халдвар авахаас эмээсэнтэй холбоотой ч гэсэн нөгөө талдаа амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой байж болно” гэжээ.

“Хүүхдүүд өглөө босоод сургуульд явах бэлтгэлээ базаан гэрээсээ гардаг, гадаа агаарт тоглодог, найзуудтайгаа уулздаг байсан тэр цар тахлын өмнөх үеийн дэглэм нь цар тахлын үед байхгүй болсон. Хүүхдүүд багш нартайгаа биечлэн уулзах биш, цахимаар зайнаас харьцаж гэртээ хоригдох болсон. Мөн хүүхдүүд хичээлийнхээ үеэр болон хичээлийн дараа ихэнх цагаа өнгөрөөдөг байсан хичээлээс гадуурх соёлын үйл ажиллагаанууд, хийх дуртай байсан зүйлээ хийх боломжгүйд хүрсэн… Гэх мэтээр коронавируст цар тахал гэр бүлийн олон дэглэмийг тасалдуулснаар олон бэрхшээлтэй үр дагаврыг дагуулж байна” гэж судалгааны баг үзэж байна.

Хүүхдүүд, өсвөр насныхан өдөр тутмын амьдралын хэв маягаар хөгжиж байдаг. Тэдний хувьд энэ хэв маяг өөрчлөгдсөнөөс тэдэнд стресс болон түгшүүр бий болж эхэлсэн. Таны хүүхдийн сэтгэл хөдлөл эсвэл зан авирт нь томоохон өөрчлөлт гарч байгаа бол энэ нь хэвийн үзэгдэл биш гэдгийг албаныхан тайлбарлалаа. Хэрвээ тухайн хүүхдэд сэтгэцийн эрүүл мэндэд нь ямар нэгэн асуудал тулгарсан бол илрэх анхан үеийн шинж тэмдэг нь хүүхдийн хооллох, унтах зан үйл нь өөрчлөгдөж болно. Мөн уур уцаар нь нэмэгдэх, уйлах зэрэг шинж тэмдэг илэрнэ гэдгийг судлаачид хэлж байна. Энэ үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ, гэр бүлээрээ агаарт алхах, гүнзгий амьсгаа авах зэрэг эрүүл амьдралын хэв маягийг дагаж мөрдөх анхан шатны арга хэмжээг авах хэрэгтэй. Мөн хүүхдэдээ яг юу болоод байгааг ярилцах, мөн хүүхдэдээ асуулт асуух боломжийг нь олгож нээлттэй байх нь хамгийн чухал. Шаардлагатай гэж үзвэл эмч, мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэйг судалгааны баг удирдсан мэргэжилтэн зөвлөж байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...