ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ УИХ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-аас энэ хаврын чуулганаараа хэлэлцэж батлах гол хуулиудын нэг бол “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Ээлжийн амралтын хоногийг ажилласан жил харгалзахгүйгээр тогтоодог болохоос эхлээд хагас цагаар болон гэрээсээ ажилласан тохиолдолд хэрхэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах талаар, мөн ажилтан, ажил олгогч хоёрын маргааныг шүүхдэлцэхгүйгээр шийдэх гэх мэт агуулгатай энэхүү хуулийн төсөл энэ хурлаар хэлэлцэгдэх юм байна.

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсан. Үндсэндээ энэ хууль хоцрогдсон гэсэн үг. Тийм учраас орчин үеийн хөдөлмөрийн хуулийг хүмүүс хүсэж байна. Гэтэл манайд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол ажилтан буруутай, олон хоног ажиллачихаад цалингаа авч чаддаггүй, шүүхдээд байх хэмжээний ч мэдлэггүй, эсвэл төрийн албанд ирсэн нам дагасан дарга нар халаа сэлгээ хийхээр шүүхдээд ажилгүй байсан хугацааных нь төлбөрийг төсөв даадаг гэх мэт хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон асуудал бий. Үүнээс гадна нийтдээ 220 мянган хүн албан бус секторт ажиллаж байна. Нийт аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь 1-9 ажилтантай гэхээр энэ тооны хүмүүс огт хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр ажиллаж байгаа учраас хуулийн хамгаалалтгүй байна гэсэн үг. Энэ мэт хөдөлмөрийн харилцааг зохицуулах, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгаад байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил “Хэдэн жил ажиллаагүй залуучууд нь цөөхөн өдөр амраад, олон жил ажилласан ахмадууд нь олон өдөр амраад байгаа юм. Бид ярьж байгаад, ерөөсөө нийтээрээ ажлын 20 өдөр амаръя. Нэмэлт өдрүүдийг өгөх үү, үгүй юү гэдгийг ажил олгогч, ажилтан хоёр хоорондоо тохироод, салбар салбар дээрээ хамтын хэлэлцээр, хамтын гэрээгээр зохицуулъя. Харин төрийн албаныхан одооныхоороо хэвээрээ үлдэнэ. Дээр нь багш нар, цагдаа, онцгой… гээд нэмэлт амралтын өдрүүдтэй ажилтан нарынх одоогийнх шигээ хэвээрээ үйлчлээд яваг” хэмээлээ.

Хуулийн төсөлд оруулах бас нэг чухал асуудал бол ажлын байран дээрх бэлгийн дарамттай холбоотой асуудал бөгөөд одоогийн Хөдөлмөрийн хуулинд энэ талаар байхгүй. Харин өргөн бариад байгаа хуулийн төсөлд бэлгийн дарамт болон хүчирхийллийг Зөрчлийн болон Эрүүгийн хуулинд хамааруулан шийдэж байхаар болжээ.

“Тухайн хүн ажлын байрны бэлгийн дарамт үйлдэж үү, үгүй юү гэдгийг тогтоогоод, тэр хүнд шийтгэл ногдуулах гэхээр нөгөөх нь явсаар байгаад хүчингийн хэрэг болж дуусах гээд байдаг. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг чинь хүчингийн хэрэг биш л дээ. Ажиллах бололцоогоор нь хангахгүй дарамтлах, янз бүрийн болзол тулгах зэрэг ийм асуудлууд байдаг. Тэгэхээр бид энэ асуудлуудыг салгаж зааглана. Хүчингийн хэрэг бол тусдаа Эрүүгийн хуулийн заалтаар явна. Ажлын байрны бэлгийн дарамт үйлдсэн хүнд ийм ийм хариуцлага ногдуулна, ийм ийм онцлог шинж тэмдгүүдийг агуулсан зүйл юм. Энийг ажлын байрны бэлгийн дарамт гэж тодорхойлно. Үүнийг үйлдсэн хүмүүст ийм ийм хариуцлага ногдуулна… гээд Зөрчлийн хуулинд хамааруулна. Хэрвээ давтан үйлдэх, Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа.

Хөдөлмөрийн хуулинд өмнө нь зөвхөн хоёр тал гэрээ байгуулсан өдрөөс л хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үздэг байсан бол Шинэ хуулийн төсөлд ажилтан ажил гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хөдөлмөрийн харилцаа эхэлсэнд тооцож байхаар байна. Эмч хүний хувьд дуудлагын цаг гэсэн ойлголт байдаг. Үндсэн ажлын цаг нь дууссан ч өвчтөн нь муудлаа гэхэд эмч нь эргээд л ажил дээрээ дуудагддаг. Энэ тохиолдолд цалинг заавал боддог байх. Мөн туслах малчнаар авчихаад бартер хийх маягаар ажлын хөлсийг нь тооцоход ажилтан үнэлгээг нь бодитоор тооцож чаддаггүй учраас завшуулах тохиолдол олон байдаг. Тийм учраас энэ мэт байдлыг засаж, сайжруулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ.

Хуулийн төслийг УИХ хэлэлцэж, энэ хаврын чуулгандаа багтаан батална гэжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...