Чөлөөт Бөхийн Азийн Аварга М.Дөлгөөн: Том Зорилгодоо Хүртлээ Барилдана Даа

in.Mn Нийтлэгдсэн 2021/06/16
0 1
Хуваалцах
Казахстаны Алматы хотод болсон бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай бүсгүйчүүд бахдам амжилт үзүүлж, хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр анх удаа тэргүүлсэн билээ. Тэмцээний 55 кг-д зодоглосон “Нанжин-2014” залуучуудын олимпын мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ М.Дөлгөөн гурав ялж, манай бүсгүйчүүлээс тивийн ес дэх аварга болсон юм. Түүнээс өмнө Ц.Энхжаргал 2004, 2007, Н.Отгонжаргал 2003, О.Насанбурмаа 2013, Д.Отгонцэцэг, О.Бурмаа нар 2016, С.Батцэцэг 2017, П.Орхон 2018 онд тивийн аваргад түрүүлж байв. Ингээд Азийн шинэхэн аварга, ОУХМ М.Дөлгөөнтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.

-Юуны өмнө Азийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Тивийн аварга болсондоо маш их баяртай байна.

-Түрүүлсэн талаараа дэлгэрэнгүй яриач…
-Би гурван тойрог барилдсан л даа. Эхний тойрогт Узбекистаны Мадина Усмонжоноваг 10:0-ээр оноогоор цэвэр хожсон. Дараа нь Казахстаны Аиша Ялишаныг цэвэр, гуравдугаар тойрогт БНСУ-ын Ким Хьён Жог мөн цэвэр ялж түрүүллээ. Солонгосын бөх Бээжин, Лондоны олимпт оролцож байсан.

-Та тэдэнд оноо алдсан уу?
-Үгүй.

-Ямар мэхээр цэвэр дарав?
-Казахстаны бөхийг тойрч өмсөөд цэвэр дарсан. Харин Солонгосын бөхийг алдаан дээр нь ажиллаж цэвэр яллаа.

-Тивийн аваргад хэд оролцоод түрүүлэв? Өмнө нь мөнгө, хүрэл медаль хүртсэн байх аа?
-Гурав дахиа оролцоод аваргаллаа. Өмнө нь 2019 онд тивийн аваргаас хүрэл, 2020 онд мөнгө авсан. Ноднин эхний тойрогт Казахстаны Марина Зуевад 9:11-ээр хожигдоод, БНСУ-ын бөхийг цэвэр ялж, зооноосоо хоёроор гаран, нөгөө зооноос нэгээр гарсан Бүх Японы аваргыг бас цэвэр дараад, алтын төлөөх барилдаанд Энэтхэгийн Пинкид 1:2-оор хожигдож, мөнгө авсан.

-Ноднингийн тивийн аваргын финалыг өнөө жилийнхтэй харьцуулбал ялгаа юу байв?
-Ялгаа нэг их байгаагүй ээ. Ноднин их алдаатай барилдсан бол энэ жил арай нягт үзлээ.

-Түрүүлэх зорилготой очоо байлгүй?
-Тийм ээ. Ер нь тамирчид бид чинь тэмцээн болгондоо л түрүүлэх зорилготой ордог юм шүү дээ.

-Аваргалах совин ч юм уу мэдрэмж төрсөн үү?
-Тийм ээ. Бэлтгэл их гоё таарснаас гадна өөртөө их итгэлтэй байсан.

-Азийн аварга болоход ямар шагнал урамшуулалтай вэ?
-Насанд хүрэгчдийн тивийн аварга болчхоод байхад ямар ч шагнал урамшуулалгүй шүү дээ.

-Таны жинд хаанах хаанахын бөхчүүд хүчтэй өрсөлдөгч вэ?
-Азид казах, хятад, энэтхэг, япон.

-Тивийн аварга болчхоод гэрийнхэнтэйгээ холбогдсон уу?
-Хамгийн түрүүнд эмээ, аав, ээж, бас багштайгаа холбогдсон. Манай эмээг Ичинхорлоо гэдэг. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, насаараа Налайхад эм зүйч хийсэн хүн байдаг юм. Харин аав Мөнхболд, ээж Болормаа хоёр маань цэргийн улс.

-Та эцэг, эхээсээ хэдүүлээ вэ? Танаас өөр барилддаг хүн бий юу?
-Би айлын дундах нь. Хоёр эгч, хоёр дүүтэй. Манайд надаас өөр барилддаг хүн байхгүй ээ. Хоёр дүү маань хоёулаа сонирхолгүй.

-Танайхан барилдахыг тань анх хэрхэн хүлээж авав?
-Гэрийнхэн маань шууд л зөвшөөрсөн шүү. Их дуртай байсан. Би бэлтгэлээ их тасалдаг байлаа. Тэгээд аав, ээж хоёртоо их загнуулдаг байж билээ.
-Анхны багш тань хэн билээ?
-Багшийг маань Мөнхбаяр гэдэг. Чөлөөт бөхийн спортын мастер, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Одоо Налайхын биеийн тамир, спортын газрын дарга. Би багш дээрээ 13 настайдаа очиж байлаа.

-Таныг хэн нэгэн дагуулж очсон уу?
-Үгүй ээ, би өөрөө л яваад оччихсон.

-Таны дархан мэх…
-Мушгих, өмсөх хоёр л юм даа. Мөнхбаяр багшаасаа сурсан энэ хоёр мэх маань олон ч удаа аминд орсон шүү. Хожигдож яваад л мушгиж дарсан удаа олон.

-Төгс эзэмшихийг хүсдэг мэх бий юу?
-Хөл сайн авдаг болчихвол ч…

-Та улсын аваргын ямар ямар медальтай вэ? Дотоодын өрсөлдөөн хэр вэ?
-Ер нь ширүүн өрсөлдөнө шүү. Би өсвөрийн улсын аваргын хоёр алт, нэг хүрэл, залуучуудын нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, насанд хүрэгчдийн алт, хүрэл тус бүр нэгтэй.

-Медалиудаа тоолж үзсэн үү?
-Үгүй ээ. Тоолж хэрэггүй гэдэг шүү дээ (инээлээ).

-Тэгвэл хамгийн хүндтэй медаль чинь…
-2014 оны өсвөр үеийн Азийн аваргын хүрэл медаль маань юм даа. Тайландад болсон энэ тэмцээнээс хүрэл медаль хүртээд би залуучуудын олимпын эрхээ авсан. Олон дурсамж байдаг юм, энэ тэмцээний. Жиндээ орох гэж их зовсон шүү. Маш зөв жиндээ орсон. –

Хэдэн кг хасав?
-53 кг-аас 46 руу гэхээр долоон кг. Тайландад би дөрөв барилдсан юм. Эхний хоёр тойрогтоо узбек, энэтхэгийг ялсан ч гуравдугаар тойрогт казахад хожигдсон. Хүрлийн төлөө хятадыг ялж байлаа. Нээрээ энэ тэмцээнд би хамгийн олон кг хассан юс байна шүү.

-“Нанжин-2014”-т үзүүрлэсэн байх аа…
-Тэгсээн. Зоондоо Беларусь, Алжир, Венесуэлийн бөхчүүдийг ялаад, аваргын төлөө БНАСАУ-ын бөхөд 5:9-өөр ялагдсан. Ким Сон Хяанг гэдэг тэр бөх хожим 2017 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан юм. Бас “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, тивийн аваргын мөнгөн медальтай.

-Тэр олимпоос та ганцаараа медаль хүртлүү?
-Тийм ээ, чөлөөтөөс би ганцаараа оролцоод, мөнгөн медальтай ирсэн. Надтай хамт жүдогийн хоёр, буудлага, хүндийг өргөлтийн тус бүр нэг тамирчин оролцсон ч медаль хараахан авч чадаагүй.

-Та олимпын сонгон шалгаруулалтанд хэдэн кг-д оролцох вэ?
-Тэрийг харин нууцалчихъя (инээв). Ер нь бол багштайгаа ярилцаж байгаад л шийднэ дээ.

-Шүтдэг бөх чинь…
-Гадаадаас Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга, АНУ-ын Хелен Марулис, Монголоос гавьяат тамирчин, дэлхийн аваргын нэг мөнгө, хошой хүрэл медальт Очирбатын Бурмаа эгчийг шүтдэг.

-Өдөрт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ?
-Ерөнхийдөө 2-3 удаа. Гэхдээ тэмцээн дөхчихвөл бэлтгэлээ багасгадаг.

-Та хэр шүтлэгтэй вэ?
-Шүтлэгтэй шүү. Эмээгээ их шүтдэг. Миний бүх юмыг, ар талыг даадаг юм.

-Эмээ тань үзэж хардаг юм уу?
-Нууц аа. Тэр тухай яриад яах вэ (инээлээ).

-Ихэнх эмэгтэй тамирчин хувийн амьдралаа хойш нь тавьдаг…
-Би ганц бие болохоор нэг их мэдэгддэггүй юм аа. Бодож санах юмгүй, бэлтгэлээ сайхан хийгээд л явж байдаг.

-Эмэгтэй хүн л юм хойно өндөр өсгийт, богино банзлаар гоёхыг хүсдэг байлгүй…
– (инээснээ) Богино юм өмсөж чаддаггүй. Харин платье, өндөр өсгийт өмсөнө шүү.

-Хэд хүртлээ барилдах вэ?
-Ер нь амжилтаа харж байгаад л болно доо. Зорьсондоо хүрчихвэл барилдахаа болино. Том зорилготой ч хэлээд хэрэггүй гэж бодож байна. Би ерөнхийдөө их нууцлагдмал л даа. Хамгийн гол нь бэртэл гэмтэл надаас хол байгаасай гэж залбирдаг.

-Ярилцлагаа ингээд өндөрлөе. Дараагийн удаа нуугдмал байдлаа орхихыг хичээгээрэй. Бас том зорилгодоо хүрэхийг хүсье.
-Баярлалаа. За тэр үед амжилтаа том ахиулсан байна аа.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр

Сэтгэгдэл
Уншиж байна...