ТАМХИНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 

Тамхины онцгой албан татварыг 2021 оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх, халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Хуулийн төсөлд онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд ногдуулах биет нэгжийг 100 ширхгээр, электрон тамхинд ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3180 болон 1000 төгрөгөөр тогтоов. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1.9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоод байна.

Мөн янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 4600 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 5860 төгрөг, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 3400 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 4210 төгрөг болгон тус тус үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгаж, эдгээр нэмэлттэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуулийн хэсэг, заалтуудын уялдаа холбоог хангах өөрчлөлтийг тусгасан байна. 

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулав. Уг нэмэлтээр “тамхи” гэсэн нэр томьёонд “утаат тамхи”, “халаадаг тамхи”, “электрон тамхи” аль аль нь хамаарах бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд халаадаг болон электрон тамхины импорт, үйлдвэрлэл, худалдаа хуулийн зохицуулалт, стандарттай болох аж.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...