“ТОКИО-2020” ОЛИМПИЙГ 10.000 ҮЗЭГЧТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА ГЭЛЭЭ

Токиогийн Олимптой холбоотойгоор Япон улсын Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зүгээс Олимпийг хэрвээ үзэгчтэйгээр зохион байгуулахаар бол Япон улсад коронавирусийн халдварын тархалт эрчээ авч, халдварын тархалт улам бүр нэмэгдэхээр байна гэсэн мэдэгдлийг хийж, анхааруулга өглөө.

Гэхдээ Олимпийн наадмыг зохион байгуулагчдын хувьд Токиогийн олимпийн үеэр гадны улс орноос хүн хүлээн авахгүй ч гэсэн дотоодын сонирхогч фенүүдийг Цэнгэлдэхийн багтаамжийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр хүлээн авна хэмээн хэлжээ. Хөгжөөн дэмжигчдийг чанга ярих болон хашгирахыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Тэдгээр хүмүүсийн хувьд Цэнгэлдэхэд байх тэр хугацаандаа бүгд амны хаалтаа зүүх ёстой гэдэг шаардлагыг тавих болно гэлээ.

Ирэх долдугаар сарын 23-ны өдөр Олимпийн наадмын нээлтийн ёслол болох товтой. Үүнээс сарын дараа буюу наймдугаар сарын 24-нөөс Паралимп эхлэх юм байна. Олон улсын Олимпийн хороо, Олон улсын Паралимпийн хороо, “Токио-2020” наадмыг зохион байгуулах хороо болон Токио хотын захиргаа, Япон улсын засгийн газар хамтраад Паралимпын үзэгчдийн тоог долдугаар сарын 16-нд яг хэд байх вэ гэдэг талаар шийдвэр гаргаж батлах болно гэдгээ мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Япон улсын Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Олимпийн наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах нь хамгийн бага эрсдэлтэй, хамгийн зөв сонголт байх болно. Гэсэн хэдий ч эрх баригчид, эрүүл мэндийн экспертүүдийн зөвлөмжийг үл харгалзаад 10.000 хүртэлх үзэгчийг оруулах шийдвэр гаргасан гэдэг тайлбарыг өгөөд байна.

Харин “Токио-2020” наадмыг зохион байгуулж байгаа хорооны ерөнхийлөгч хэлэхдээ “Өмнө нь бид дотоодын болон олон улсын спортын тэмцээнүүдийг хэд хэдэн удаа зохион байгуулж үзлээ. Хязгаарлалт, халдвар хамгааллыг сайтар дагаж мөрдүүлээд, Засгийн газрын шалгавар дээр үндэслэн бид үзэгчтэйгээр энэхүү Олимпийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөгөөгөө гаргаад байна. Дэлхий нийтээрээ яг ийм асуудалтай тулгарч байгаа. Гэхдээ үүнийг даван туулахын төлөө бид бүхэн хамтран ажиллах ёстой. Үзэгчид халдвар хамгааллын дэглэм, бусад шаардлагуудыг дагаж мөрдөх хэрэгтэй” гэлээ.

Тэрбээр “Олимпийн төлөөлөгчид болон спонсоруудыг “зохион байгуулагчид” гэсэн ангилалд оруулах учраас 10.000 үзэгчийн тоонд эдгээр хүмүүс багтахгүй. Гэтэл долдугаар сарын 23-ны өдөр эхлэх Олимпийн нээлтийн ёслолд уригдсан VIP зочдын тоо бараг 10.000-аас давчихсан байна” хэмээн мэдэгджээ.

Тэгвэл хэр олон хүн энэ Цэнгэлдэхэд цуглах вэ гэдэг асуудал ихээхэн анхаарал татаж байна. Дээрээс нь тухайн хүмүүсийг Цэнгэлдэхэд нэвтрэхээс нь өмнө шинжилгээ авах уу, үгүй юү гэдэг талаар ямар ч төлөвлөгөө гаргаагүй байна гэж албанынхан шүүмжилж байна.

Цаашдаа энэхүү Олимпийн наадмыг хэрхэн зохион байгуулах талаар, дагаж мөрдөх хязгаарлалтын талаар албаныхан дахин хэлэлцэхээр болов. Магадгүй, үзэгчдийн тоог дахин бууруулах ийм шийдэлд ч хүрч болох юм гэдгийг зарим албаны хүмүүсийн зүгээс хэлж байна.

Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Суга өнгөрсөн долоо хоногт ард иргэддээ хандан “Олимпийг биечлэн үзэхээс илүүтэй зурагтаараа үзэх хэрэгтэй” хэмээн уриалжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...