АНУ-ЫН ЖҮЖИГЧИН ХАРРИСОН ФОРД КИНО ЗУРАГ АВАЛТЫН ҮЕЭР ГЭМТЖЭЭ

Америкийн жүжигчин 78 настай Харрисон Форд ‘Индиана Жонс’ киноны 5 дахь ангийн зураг авалт дээр мөрөндөө бэртэл авсан тухай Дисней кино компани мэдэгдлээ. Компанийн мэдэгдэлд ‘Кино зураг авалт хэвийн үргэлжилж, жүжигчин Харрисон Форд эмчлүүлж байгаа, шаардлагатай бол зураг авалтын дэгийг өөрчилнө’ гэжээ.

2022 онд нээлтээ хийх ‘Индиана Жонс’ киноны төгсгөлийн хэсгийн зураг авалт Их Британид хийгдэж байгаа юм байна. Тус кинонд археологчийн дүрд тоглож байгаа Харрисон Фордоос гадна Мадс Миккельсен, Бойд Холбрук, Фиби Уоллер-Бриж зэрэг жүжигчид тоглож байгаа ба ‘Логан’, ‘Феррарийн эсрэг Форд’ киног бүтээгч Жеймс Мэнголд найруулагчаар нь ажиллаж байгаа гэнэ. Өмнөх ангиудыг бүтээсэн Стивен Спилберг энэ удаа продюсераар ажиллаж байгаа аж.

Жүжигчин Фордын гэмтэл кино талбайд гарсан анхны осол биш юм байна. Долоон жилийн өмнө ‘Оддын дайн’ киноны зураг авалтын үеэр түүний дүр болох Хан Сологийн удирдсан Мянганы шонхор шувууны гидравлик хаалганд дарагдаж хөлөө хугалсан тул нисэх онгоцоор эмнэлэгт хүргэгдэж байжээ. Мөн нисгэгчийн хувьд хэд хэдэн хэрэг тарьсан ба 2017 онд ганц хөдөлгүүртэй онгоцоо АНУ-ын нисэх онгоцны буудлын таксины зам дээр андуурч буун, 100 гаруй хүн тээвэрлэж явсан онгоцыг арайхийж эсэн мэнд буулгажээ. 2015 онд тэрээр Калифорнид ослын буулт хийж байхдаа гараа хугалж, толгойдоо хөнгөн гэмтэл авч байжээ.

Орч. Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...