ЯПОНЫ ОЛИМПИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧААР РИОТА ЯМАГАТА СОНГОГДЖЭЭ

0

Япон улсад зохиогдох Зуны олимпийн 32 дахь удаагийн наадам эхлэхэд 21 хоног үлдлээ. Ази тивийн хамгийн хурдан хүн, ойрын зайн гүйгч Риота Ямагата гэгч залууг Японы олимпийн хорооноос шигшээ багийн ахлагчаар томилжээ. 

Ямагата энэ жил 29 настай. Өнгөрөгч долоо хоногт хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоноор 3 дахь удаагаа олимпийн наадамд өрсөлдөх эрхтэй болсон байна.

Тэрээр 2016 оны Риогийн олимпоос 4х100 метрийн төрөлд өндөр амжилттай өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан ба 2014 оны Инчоны Азийн наадмын 4х100 метрийн гүйлтийн төрөлд мөнгө, 2018 оны Жакарта-Палембанг Азийн наадмын алт болон хүрэл медаль хүртэж байсан тамирчин аж.

Японы шигшээ багийн дэд ахлагчаар ширээний теннисчин Касуми Ишикава сонгогдсон бөгөөд Ишикава, Ямагата хоёр нээлтийн ёслолоор хамтдаа олимпийн тангаргийг унших юм байна. Жендерийн тэгш эрхийг хангах үүднээс эрэгтэй, эмэгтэй тамирчид хамтдаа тангараг өргөхөөр болсон гэнэ.

Мөн Японы олимпын хорооны мэдэгсэнээр NBA-ын Вашингтон Уизардс багийн довтлогч Руи Хачимура болон чөлөөт бөхийн дэлхийн аварга Юи Сасаки нар шигшээ багийн далбааг нээлтийн ёслолын жагсаалд барин явах тугчаар сонгогдлоо.  

Япон улс Рио 2016 олимпын наадамд 12 алт, 8 мөнгө, 21 хүрэл медаль хүртсэн амжилттай медалийн чансаагаар 6-р байрт эрэмбэлэгдэж байсан. Нутагтаа зохиогдох олимпод япончууд 30 алтан медаль хүртэх зорилтыг тавиад байсан ч цар тахлын үед эрүүл, аюулгүй оролцохыг нэн тэргүүний зорилт болгоод байгаа аж.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...