ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ

0

БНХАУ-ын Коммунист нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. 1921 оны долдугаар сарын 1-нд байгуулагдаж, долдугаар сарын 23-нд анхны Их хурлаа зохион байгуулж байсан байна. 1949 онд Хятадын Коммунист нам Хятадын иргэний дайнд ялалт байгуулж, 1949 оны 10-р сарын 1-ний өдөр БНХАУ буюу Орчин үеийн Хятад улсыг үүсгэн байгуулжээ.

Энэ долоо хоногийн турш 100 жилийн ойгоо тохиолдуулаад хятадын телевизүүдээр Хятадын иргэний дайн, баатарлаг гавьяа байгуулсан Хятадын Коммунист намын үүрэг оролцооны тухай кино, баримтат кино, цуврал кино, нэвтрүүлгүүд гарч байна. Үүн дээр Барууны хэвлэлүүдийн анзаарснаар Хятадын 1949 оноос хойших удирдагч нартай холбоотой зарим зүйлсийг орхигдуулж хассан байна гэжээ. Тухайлбал, Соёлын хувьсгал. Хятад улсад их хэмжээний хохирол учруулсан энэ Соёлын хувьсгал бол бараг 10-аад жил үргэлжилсэн. Тянь Ань Миний талбайд болсон хэрэг явдал, жагсаалыг цэргийн хүчээр тараасан гээд… Ийм гашуун, “хар” гэж  нэрлэгдэн түүхэнд үлдсэн үйл явдлуудыг төдийлөн дурдаагүй байна гэдгийг барууны хэвлэлүүдэд онцолжээ.

Долдугаар сарын 1-ний өдөр Тянь Ань Миний талбайд 70 мянган хүн цугларч, Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин 1 цагийн илтгэл тавьжээ. Энэ илтгэлийн гол агуулга Орос, Хятадын болон Барууны зарим хэвлэлүүдэд тавигджээ.

Ши Жиньпин илтгэлдээ “Хэрвээ Хятад улсыг дээрэлхэх, халдан довтлох, аюулгүй байдалд нь хор хөнөөл учруулах зэргээр оролдох юм бол Хятадын 1 тэрбум 400 сая ард түмний “төмөр хана”-тай тулгарах болно. Бид дээрэлхүүлдэг, түрэмгийлүүлдэг тийм цаг өнгөрсөн” гэдэг утга бүхий мессежийг өгсөн байна.

Ши Жиньпин Засгийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын ардын чөлөөлөх армийг орчин үеийн зэвсэгт хүчин болгох, АНУ тэргүүтэй холбоотнуудтай эн зэрэгцэн хөгжих тухай асуудлыг өндөр хэмжээнд тавьж ирсэн. Ялангуяа Зэвсэгт хүчний анги бүрэлдэхүүнүүдийн хоорондын шуурхай холбоо, дайсандаа түргэн цохилт өгөх чадвар гээд… энэ бүгдийг маш өндөр төвшинд гаргаж тавих шаардлагатай гэж тэрээр үзэж байв.

АНУ-тай харьцуулвал Хятадын зэвсэгт хүчний зардал бараг 3 дахин бага, гэхдээ л орчин үеийн технологит асар их анхаарал хандуулж байгаа гэдгийг Барууныхан онцолдог.

Соёлын хувьсгалтай холбоотой, Хятадын Коммунист намын 100 жилийн ойгоор өнгөрсөн жилээс эхлээд өнгөрсөн 5 дахь үеийн удирдагч нарын гавьяа зүтгэлийн талаар нэлээд мэдээлэл тавигдаж байна. 2013 оноос хойш 55 сая хүнийг ядуурлаас гаргасан, Хятад улсад чинээлэг дунд давхарга бий болсон… 2049 онд Хятад ард улс үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо, тэр үед орчин үеийн социалист улс болсон байна гээд… Энэ хөтөлбөрүүдийн талаар нэлээд яригдаж байгаа аж.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...