СИНГАПУР УЛСАД “КОВИД-19”-ИЙН ЭСРЭГ ШИНЭ СТРАТЕГИЙГ МӨРДӨНӨ

FILE PHOTO: A staff member demonstrates the usage of Breathonix breathalyzer test kit developed by Breathonix, a start-up by the National University of Singapore, able to detect the coronavirus disease (COVID-19) within a minute according to the company, at their laboratory in Singapore October 29, 2020. REUTERS/Chen Lin/File Photo

Сингапур улсын Засгийн газар коронавирусийн эсрэг хэрэгжүүлсэн стратегиа өөрчлөхөөр болсон байна. Тус улсын “Ковид-19”-ийн эсрэг ажлын хэсэгт гурван сайд хүн багтдаг. Энэ гурван сайдын хамтарсан мэдэгдэл өнгөрсөн долоо хоногт Сингапурын нэгэн сонинд нийтлэгдлээ. Ирэх наймдугаар сараас эхлээд Сингапур улс коронавирустэйгээ зэрэгцэн амьдрах, дасан зохицож амьдрах шинэ стратеги рүү шилжихээр болжээ.

Сингапурт вакцинжуулалтын үйл явц маш идэвхтэй өрнөж байна. Хоёр долоо хоногийн өмнө хүн амынх нь 46 хувь нь нэг тун тариулсан байсан бол өнгөрсөн баасан гаригийн байдлаар 70 хувьд хүрчээ. Сингапурын засгийн газар 5 сая 700 мянган хүн амынхаа насанд хүрсэн иргэдээ наймдугаар сард бүрэн вакцинжуулах зорилтыг тавиад байна. Ингээд ердөө сарын дараа Сингапур улс эдийн засаг, нийгмийн амьдралаа бүрэн нээхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн хугацаанд Сингапурт хөл хорио тогтоож үзсэн, эдийн засаг, үйлчилгээний салбаруудыг хааж үзсэн. Гэхдээ одоо хамгийн гол найдвар вакцин гэж үзэж байна. Сингапурын гурван сайдын мэдэгдэлд дурдсанаар “Өнгөрсөн хугацаанд бид эмнэлгээр үйлчлүүлсэн, хүндэрсэн, нас барсан тохиолдлуудыг авч үзвэл дийлэнх нь вакцин тариулаагүй буюу нэг тун тариулсан хүмүүс байсан. Тэгэхээр коронавирусийн эсрэг хоёр тун вакцин нь хүндрэхээс сэргийлж байна гэж үзэж байна. Тиймээс наймдугаар сарын 9-ний өдөр гэхэд бүрэн вакцинжуулж дуусна. Ингээд дасан зохицох шинэ стратеги рүү орно” гэжээ.

Энэ стратегид сонирхолтой санаанууд байна. Жишээ нь,

– PCR-ын шинжилгээ өгөхөд нэлээд уддаг, ачаалалтай үед бүр ч олон хоног болдгийг бид мэднэ. Тэгвэл Сингапур улсад шаардлагатай тохиолдолд хүнийг “үлээлгээд” коронавирусийн халдвартай эсэхийг тогтоодог ийм шинжилгээний арга барилыг нэвтрүүлье гэдэг санааг хэлж байна. Энэ санаа бүтвэл ердөө 1 минутын дотор коронавирусийн халдвартай эсэхийг тогтоох боломжтой аж.

– Коронавирусийн тохиолдол, өвчилсөн хүмүүсийг тоолохоо больё гэсэн бас нэг санаа байна. Түүнчлэн өвчилсөн хүний хавьтлуудыг олж тогтоохын тулд олон хүнтэй холбоо тогтоох шаардлагагүй гэж үзжээ. Хөл хорио тогтоохгүй, олноороо цугларахыг зөвшөөрнө.

Сингапурын ЗГ-аас энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийн ухамсар, хариуцлагаас маш их шалтгаална. “Хэрэв та коронавирусийн халдвар авсан гэж шижиглэж байгаа, шинж тэмдэг илэрсэн, бусдад халдаах эрсдэлтэй гэж үзэж байгаа бол олон хүнтэй газраар битгий яв, өөрийгөө тодорхой хэмжээнд тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтал” гэж зөвлөж байна. Иргэд маань энэ санааг дэмжих юм бол манай улс коронавирустэйгээ зэрэгцэн амьдрах, эдийн засгаа нээх, эрх чөлөөтэй болох тэр боломжийг нь олгох бүрэн боломжтой гэжээ.

Вакцины талаар Сингапурын засгийн газар ярилцаад ирэх намраас, мөн ирэх жил ч гэсэн Booster буюу гуравдагч тунг тарих боломжтой гэж үзэж байна. Улирлын ханиад болон бусад халдварт өвчинтэй адил коронавирусийн вакциныг байнга тариулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, коронавирустэй байнгын зэрэгцэн амьдрах ийм нөхцөл байдалтай тулгарч ирлээ гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...