Г.Бат-Эрдэнэ:Энэбишийн өргөн чөлөөний тохижилтын ажлыг дууссан хойно нь шүүмжлээсэй

Баянгол Дүүргийн Энэбишийн өргөн чөлөөний тохижилтын ажлыг хийж буй “Сайн Констракшн” ХХК-н захирал Г.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай компани Баянгол дүүргийн  Энэбишийн өргөн чөлөөнд тохижилтын ажлыг хийж байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажлынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Тиймээ, манай “Сайн Констракшн” ХХК 2018 онд Энэбишийн өргөн чөлөөний тохижилтын ажлын тендер шалгаруулалтад шалгарч энэ ажлыг эхэлсэн. Энэ тохижилтын ажил маань өөрөө олон үе шаттай ажлуудтай. Ганцхан гэрэлтүүлэг биш, авто зам засвар, явган хүний зам талбай засвар, автобусны   буудлуудын тохижилт, гудамжны гэрэлтүүлэг, авто замын явган хүний гарцын гэрэлтүүлэг,  иргэдийн амрах сандал, хашлага хаалт, мод болон ногоон байгууламжийн хаалт хамгаалалт гээд  өөр өөр олон ажил хийж байгаа. Та бүхний сайн мэдэх Байгал эх хөшөөний талбайг бүрэн шинэчилж тохижуулж байна. Энэ ажил нь ахуйн үйлчилгээний уулзвараас “Өргөө” кино театрын уулзвар хүртлэх тохижилтын ажил юм. Бид зураг төсвийн дагуу нийслэл болон дүүргийн хяналтын инженерүүдтэйгээ хамтарч ажиллаж байгаа. Энэ тохижилтын зураг төсөл нь аль 2010 онд гарсан юм билээ. Тэгээд 2018 онд төсөв мөнгийг нь батлаад тендерийн шалгаруулалт явуулахад манайх шалгарсан.

-Энэ тохижилтын ажилд хэдэн компани өрсөлдсөн бэ?

Нийт зургаан компани туршлага чадвар үнийн дүнгээр өрсөлдсөнөөс манайх шалгарсан.

-Танай компани энэ салбартаа хэр удаан үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Манайх 2003 оноос хойш барилгын чиглэлээр тогтвортой  ажиллаж байгаа. Хөдөө орон нутаг, нийслэлд олон бүтээн байгуулалтад оролцсон. Манай ахмад инженерүүд маань анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш одоог хүртэл тогтвортой ажиллаж байна даа.

-Танай компанийг өндөр үнэтэй хэдэн шонгийн ажил хийж байна гэж шүүмжилж байх шиг байна?

-Энэ тохижилтын ажил бол ганц гэрэлтүүлгийн ажил биш, дээр хэлсэнчлэн олон төрлийн ажлууд багтсан. Авто зогсоол, зам засварын ажил бий. Манай компани автозамын туршлагатай компанитай  хамтарч энэ ажил дээр орсон. Авто машины зогсоолуудыг зургийн дагуу шинэчилж зай талбай сайтай болгож өөрчилсөн байгаа. Байгал Эхийн хөшөөтэй талбайг бүрэн шинэчилж байгаа. Хуучин цагт байгаль эхийн усан оргилуур хичнээн гоё байдаг байсан билээ, Хөгшид, хүүхдүүд, залуучууд тэнд салхилж зугаалж амардаг талбай байлаа. Одоо бол нэвсийж навсайгаад хар захаас ялгагдах юм үгүй болсон байна. Буцаагаад энэ сайхан талбайгаа засаж янзлаад сэргээчихвэл энэ хавийн иргэдэд ч сайхан байх болно. Авто замын явган хүний гарцууд дээр хийгдэж буй гэрлүүдийг шүүмжлээд байх шиг байна. Энэ зураг төслийг зохиохдоо авто замын ослоос сэргийлж ийм гэрэлтүүлэг зурж төлөвлөсөн болов уу. Нийслэлд авто замын ослоор хүний  амь эрсдэж буй тохиолдлууд өндөр байдаг.Ялангуяа явган зорчигчийн осол гэмтэл их өндөр байна. Гарцууд  дээр суулгаж буй энэ гэрлүүд явган зорчигчдыг жолоочид шөнийн цагаар илүү сайн харагдуулж өгөх болно. Бас хотын өнгө үзэмж талаасаа ч бодсон аятайхан шийдэл болсон гэж бодож байна. Дашрамд хэлэхэд манай компани гүйцэтгэгч компани. Зураг төслийг бид биш зургийн компани 2010 онд хийсэн. Бид хийгдсэн зураг төслийн дагуу ажлаа хийж байгаа.

-Тохижилтын ажил энэ ондоо дуусах уу?

-Гэрээнийхээ дагуу энэ онд дуусах ажил бий. Тэр ажлуудаа хариуцлагатай дуусгана. Ажил дуусахад холбогдох байгууллагын улсууд биднээс хийсэн ажлыг маань шалгаж хүлээж авна. Гурван жилийн хугацаанд бид хийсэн ажлаа хариуцан ажиллах болно. Ямар ч улсын ажил ийм л дүрэм журамтай байдаг. Бид дүрэм журам гэрээгээ дагаж ажилладаг. Дуусгахад хүндрэлтэй асуудлууд байна. Жишээ нь автобусны буудлуудад байрлах ТҮЦ болон лангуу асрууд. Эд нарыг холдуулж зайчилж байж ажлаа хийх хэрэгтэй.Холдуулахгүй байсаар маш их цаг алдаж байна.

Нийслэлд хийгдэж буй ажлууд нилээд хэл аманд өртөж байна, танай ажилч мөн анхаарал татаж байна?

Бид 2003 оноос хойш улс эх орныхоо бүтээн байгуулалтад тасралтгүй оролцож ирсэн. Тэр үеэс хойш хэдэн ч засаг солигдов, хэдэн ч дарга солигдов. Бид ажлаа хийсээр л байсан, хийсээр ч байх болно. Ажлаа хийгээд л дуусгая. Харин дууссан хойно нь шүүмжилж болно.

Сэтгэгдэл
Уншиж байна...