Америкийн тэрбумтнууд илүү татвар төлөхийг хүсч ил захидал илгээжээ

Америкийн тэрбумтнуудын төлөөлөл нэгэн сонирхолтой уриалга хүргүүлжээ. Тэд өөрсдөөс нь илүү татвар авахыг уриалж буй бөгөөд энэ саналаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хандан гаргасан байна.

“Америкийн хүн амын хамгийн чинээлэг 1 хувийн дотор хамгийн чинээлэг нь болох 10 хувийн төлөөлөл болсон биднээс авдаг татвараа нэмэхийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нэр дэвшигчдэд уриалж байна” гэж уг захидалд бичжээ.

Ил захидалд Жорж Сорос, Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагчдын нэг Крис Хьюжс, Уолт Диснейн өв залгамжлагч Абигейл Дисней, дэлхий даяар сүлжээ зочид буудал бүхий Hyatt-ын эзэн тэргүүтэй 19 хүн гарын үсгээ зурсан бол, нэг эрхэм нь нэрээ нууцалсан байна.

“АНУ-д мөрдөгдөх татварыг дунд болон бага орлоготой иргэдээс бус хөрөнгө чинээ ихтэй хүмүүсээс авах ёстой. Ингэж бүрдүүлсэн татварын нэмэлт орлогоо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон эдийн засгийг сайжруулах, иргэдээ эрүүлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, хөгжлийн тэгш боломжоор хангахад зарцуулах хэрэгтэй” гэж ил захидалд бичсэн байна.

Сэтгэгдэл
Уншиж байна...