МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД УР ЧАДВАРАА СОРИЛОО

Монгол Улсад Үндэсний Геологийн алба байгуудлагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Геологичдын ажил мэргэжлийн уралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Элсэн тасархайд ШУТИС-ийн ГГТ-ны сургуулийн Хөгнө-Тарнийн дүүрэг дэх Геологийн зураглалын хээрийн дадлагын талбайд амжилттай зохион байгууллаа.
Геологичдын ажил мэргэжлийн уралдааны нээлтийн арга хэмжээнд УУХҮ дэд сайд Д. Загджав оролцож мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээлээрээ шалгарсан геологичдын шагналыг гардуулав.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тус уралдааныг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд үндэсний 30 гаруй компанийн 300 гаруй үе үеийн геологчид ур чадвараа сорилоо.

Энэхүү уралдааны талаар зохион байгуулах комиссын дарга Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн дарга Б. Сүнжидмаа-с тодруулбал:

Юуны өмнө нийт геологчиддоо Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэе. Геологчдийн ажил мэргэжлийн уралдаан 1999 он буюу Геологийн салбарын 60-н жилийн ойн хүрээнд анх зохион байгуулагдсан байдаг. Монгол улсын Геологийн салбарын хөгжлийн түүхийг аваад үзвэл 1990 оноос өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе, 1990 оноос хойших буюу төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засгийн үе хэмээх хоёр үечлэлд хувааж авч үзэж болно. 1990-д оныг хүртэл Монгол улсын Геологи хайгуулын ажил салбар салбартаа нэлээд эрчимтэй хөгжсөн байдаг. 1990 оноос хойших Монголын геологи хайгуулийн ажил төсвийн хөрөнгө болон хувийн хөрөнгө гэсэн хоёр санхүүгийн эх үүсвэртэй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангаж манай геологийн салбар явдаг. Мянган эрдсийн цэг байхад нэг нь л орд болох тийм их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг. Ард олны нийтлэг ойлголтоор Геологчид зөвхөн орд газар нээх гэж ажилладаг хүмүүс биш юм. Бид бүхэн өнөөдөр Анагаахын геологийн эрүүл мэндийн салбарыг судалж байна. Шуурга болон хотын геологи гэх мэт олон салбарыг давхар судалж байна. Бид бүхэн шинжлэх ухааны салбарын ажлаа хийгээд зогсохгүй ард нийтэд салбарынхаа онцлогийг таниулах шинжлэх ухааны суурь ойлголт өгөх гээд давхар ажлууд зайлшгүй бий болсон байна.

Энэхүү ажил мэргэжлийн уралдаан 3 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд
1.1:50000-ны масштабын геологийн зураглалын ажлын төрөлд
Нэгдүгээр байранд: Гурван талст ХХК
Хоёрдугаар байранд: Алтайн чанад минералс ХХК
Гуравдугаар байранд: Алтай нэгдэл ХК
2. Ерөнхий эрлийн ажлын төрөлд
Нэгдүгээр байранд: Геологийн судалгааны төв ТӨҮГ
Хоёрдугаар байранд: Геологийн судалгааны төв ТӨҮГ
Гуравдугаар байранд: Их цог өндөр ХХК
3.Геофизикийн ажлын төрөлд
Нэгдүгээр байранд: Гурван үндэс ХХК
Хоёрдугаар байранд: Гео орон ХХК
Гуравдугаар байранд: Гео сигналс ХХК-ны багууд тус тус шалгарлаа.

Тус ажил мэргэжлийн уралдаан нь салбарын хүний нөөцийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, геологийн судалгааны ажилд гарч буй шинэлэг арга, аргачлал, техник технологи, ажлын туршлагыг харилцан солилцож, салбарын тэргүүний ажилтан, аж ахуйн нэгжийг шалгаруулан олон нийтэд үйл ажиллагааг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой байснаараа онцлог байлаа.

Сэтгэгдэл
Уншиж байна...