ЭХНЭРЭЭ 10 ЖИЛ ХҮЧИРХИЙЛСЭН ПРОКУРОР АЖЛААСАА ХАЛАГДААД УДАЖ БАЙГАА ГЭВ

Өчигдөр нэгэн телевизийн мэдээгээр прокурор нөхөр нь эхнэрээ 10 жил хүчирхийлж, улмаар хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, нууж явдаг байсан тухай мэдээ гарсан билээ.

Эхнэртээ эхний үед согтуугаар гар хүрдэг байсан бол сүүлдээ шалтгаангүйгээр хардаж, зодох нь ихэссэн бөгөөд бүсгүй үр хүүхдээ болон нөхрийнхөө нэр хүндийг бодоод өнөөдрийг хүртэл нэг ч удаа цагдаагийн байгууллагад хандаж үзээгүй гэнэ.

Харин сүүлийн удаа зодох үед нь хүн орж ирсэн бөгөөд нөхөр нь “манай эхнэр эд зүйлээ шидэлсэн, хашгичсан” хэмээн аргалаад гаргасан ч гараад явсных нь дараа толгойгоор нь хана мөргүүлжээ.

Ингээд өөрийгөө хамгаалахын тулд нөхрийнхөө аминд хүрэх, эсвэл өөрөө ч алуулж мэдэх эрсдэл бий болсон учраас бүсгүй анх удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хүчирхийлэгчийг олонд илчилсэн байна.

Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн этгээд болох нөхөр нь “Цагдаад хэлчихвэл би чамайг амиа хорлосон болгоод алчихаж чадна шүү” гэх мэтээр сүрдүүлсэн байна.

Харин сэжигтэн этгээд “Би байнга хүчирхийлэл үйлдээгүй. Бид гурван хүүхэд өсгөчихлөө. Наадах чинь өөрөө нууц амрагтай учраас зоддог”  хэмээн мэдүүлжээ.

Тэгвэл энэ хүчирхийлэгч прокурор гэх нөхрийн талаар албан эх сурвалжаас тодруулахад “Прокурорын байгууллагад ажилладаггүй, ажлаасаа халагдаад удаж байгаа” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл
Уншиж байна...