“ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-ГААР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ХЭРГҮҮДИЙГ ЖУРМААР ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ

УИХ-ын хурлаар хэлэлцэж эхэлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-д орж байгаа нэг том заалт бол “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой заалт юм. “Хөөн хэлэлцэх хугацаа” өмнө нь Эрүүгийн хуулинд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас яллагдагчаар татах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг тооцдог байсан бол 2017 онд батлагдсан Эрүүгийн шинэ хуулиар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас Анхан шатны шүүхээс шийдвэр гарах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг. Ингэснээр олны анхаарал татсан томоохон хэргүүд, тэр дундаа авилга, албан тушаалын хэргүүд өнөөдөр “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсоор байна. Яаж вэ гэхлээр, мөрдөн байцаалтын явцыг зориудаар удаашруулдаг, мөн прокурор дээр тодорхой хугацаанд гацаадаг, нэмэлт мөрдөн байцаалт руу эргээгээд буцаадаг, мөн Шүүх дээр очлоо гэхэд шүүх хурал нь удаа дараалан хойшилдог, шүүхээс “нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалаа” гэх мэтийн шалтгаанаар хойшлуулсаар байгаад тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас хойш 5 жил өнгөрөхөд л энэ нь “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гээд хэрэгсэхгүй болж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн жил гаруйн хугацаанд буюу шинэ Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хугацаанд 400 гаруй хэрэг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Жишээ нь, олны анхаарлыг хамгийн их татсан нь Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид тэрбум төгрөгийн авилгыг бусдаас авсан нь үйлдэл дээрээ баригдаж, баримтаар бичигдэж, оймсноосоо олон зуун доллар гаргаж ирж байсан бичлэг хүртэл цацагдаж байлаа. Энэ хэрэг мөн л “хөөн хэлэлцэх хугацаа”-гаар хэрэгсэхгүй болж дууссан. Авилгатай тэмцэх газраас оймсноосоо олон зуун доллар гаргаж ирж байгаа бичлэгийг цацаж байгаа нь өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаагаар иймэрхүү хэргүүд хэрэгсэхгүй болж байна шүү гэдгийг олон нийтэд зориудаар анхааруулж буй мэт.

Нэгэнт хууль ийм алдаатай гарсан, үүнийг залруулах асуудлыг хууль батлагдангуут мэргэжлийн хуульчид, Холбоод ярьж хэлсэн ч өнөөдрийг хүртэл жил гаруй хугацаанд үүнийг тоохгүй зориудаар байлгаад байсан. Гэтэл сонгууль дөхсөн яг энэ үед “хөөн хэлэлцэх хугацаа” үнэхээр буруу болжээ, үүнийг өөрчилж өмнөх шигээ тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас яллагдагчаар татах хүртэл хугацаанд болгоё гэсэн зүйлийг ярьж байна.

Энэ хугацаанд хэчнээн хэргүүд хэрэгсэхгүй болсон, хэчнээн албан тушаалтнуудад ял завших боломж бий болсон бэ гэдэг дээр зарим УИХ-ын гишүүд дараах зүйлийг ярьж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Энэ хооронд нийтдээ 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Авилгалын 40 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон, одоо дахиад 11 гэмт хэрэг хэрэгсэхгүй болно. Маш олон гэмт хэргүүдийг энэ хугацаанд чөлөөлж авч байна. 1200 гаруй гэмт хэрэгтэн бидний дунд ямар ч ял зэм авахгүйгээр явж байгаа. Цаашдаа энэ байдал үргэлжилнэ. Хуулийн практикаар, шүүхийн практикаар 2017 оноос өнөөдрийн зассан хүртэлх энэ хугацаанд хэн нэгэн гэмт хэрэгтэн, авилгачин илрээд, үйлдсэн хэрэг нь энэ хугацаанд байх юм бол дахиад л хөөн хэлэлцэх хугацаагаар чөлөөлөгдөх болно. Өөрөөр хэлбэл, үйлдсэн хэргийн хугацаа нь энэ дотор байна. Нямбаатар, Нямдорж нарынхаар “энэ хугацаанд манай намынхан гэмт хэрэг хийнэ, намынхныгаа бүгдийг нь ялаас чөлөөлж авна” гэдэг тийм алсын зорилготойгоор хийсэн. Манай намынхан засаг барина, мэдээж зарим нэг нь авилга авна. Энэ хугацаанд хэрэг илрэх юм бол бид нар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож авна гэдэг ийм зорилгоор хийсэн”.

УИХ-ын гишүүн Нямбаатар: “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журмыг шинээр баталж гаргасан өдрөөс эхэлж мөрдөн байцаалтанд байгаа бүх хэргүүдийг тоолох аргачлалыг гаргаж шинээр тоолно. Өөрөөр хэлбэл, тэр хүмүүсийн хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй, Шүүх дээр 29 дэх хоног дээр гомдол гаргаад л хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах гээд олон хэргүүд яваад байгаа. Тэр хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг ямар ч гэсэн дуусгах тухай ойлголт байхгүй болчихно. Яагаад гэвэл шууд нөгөө хүнийг яллагдагчаар татсан өдрөөс эхлээд хөөн хэлэлцэх хугацаа нь бүр зогсчихож байгаа юм. Ингэсэн тохиолдолд ерөнхий хугацааг 2-оор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөрдөн байцаалтын хугацаа л тоологдох тухай асуудал яригдана. Харин өмнө “хөөн хэлэлцэх хугацаа” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг “Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулиар холбогдох байгууллагуудад үүрэгжүүлсэн ийм зохицуулалтыг Байнгын хорооноос санаачилж, дахиж тэр хөөн хэлэлцэх хугацааг тоолох асуудлыг оруулж ирж буй “Хууль дагаж мөрдөх журмын хууль” гэж байгаа. Гэхдээ энэ нь 2 талын маргаан дагуулна. Материаллаг хуулийг хойш нь татаж хэрэглэж болно, процессын хууль бол буцаж хэрэглэхгүй учраас тэр батлагдсан өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаагаар үндэслэлгүй болсон хэргүүдийг дахиж тоолоочээ гэдэг ийм зохицуулалтыг л оруулах гэж байна. Ер нь бол хөөн хэлэлцэх хугацаагаар тодорхой хэргүүд хугацааны явцад хэрэгсэхгүй болдог ийм жишгүүд бий. Яг авилга, албан тушаалтай хэдэн хэргүүд хэрэгсэхгүй болсон, эргүүлж хэдийг нь сэргээж татаж болох вэ гэдгийг одоогийн энэ “Хууль дагаж мөрдөх журмын хууль”-аар зохицуулах гээд хичээн ажиллаж байна”.

УИХ-ын гишүүн Баасанхүү: “Зориуд зохион байгуулалттай гэмт хэргийг хуулийн аргаар болиулж байгаа 4 дэх тохиолдол. 2005 оноос эхлэлтэй. Тухайн үедээ 526 гэсэн зүйлийн заалтыг хүчингүй болгоод тэр үед 400 гэмт хэрэгтнийг байхгүй болгосон. Дараа нь 2008 онд 7-р сарын 1-ний үймээн боллоо гэнгүүт тэд нар 9-р сарын 26-нд хууль оруулахдаа авилга, албан тушаалын хэргийг бүгдийг нь өршөөнө гэж оруулаад бүх авилгын хэргийг өршөөсөн. Дараа нь 2015 онд “Өршөөлийн хууль” гэж оруулахдаа дахиад авилга, албан тушаалын хэргийг өршөөсөн. Тэр битгий хэл, хар тамхины хэргийг ч өршөөсөн. Ингээд хар тамхичид бүгд өршөөгдсөн. Сүүлд нь энэ “хөөн хэлэлцэх хугацаа”-г оруулж ирсэн. Ингэж оруулж ирэхдээ нөхдүүд ялын бодлогыг нь 50% багасгачихсан. Ажлын хэсэгт Нямбаатар байсан. Би хэчнээн эсэргүүцсэн. Тэгээд дараа нь түүнтэйгээ тааруулаад тоолдог хугацааг нь уртасгачихсан. Ингэж уртасгачихаар нөгөө хязгаарлагдсан тоо нь багасчихна. Ингээд автоматаар өршөөгдөөд байгаа юм. Ийм байдлаар өнөөдөр бүх авилга, албан тушаалын хэргүүд өршөөгдсөн. Би анх энэ хуулийг батлагдангуут хэлсэн. Баярцогт Сайханбилэг, Жастын Батхүү… гээд бүгд өршөөгдсөн. Эд нар аалзны торны зохион байгуулалттайгаар хуулийн аргыг ашиглаж ийм юм хийсэн. Хууль буцаан хэрэглэдэг ямар ч зарчим дэлхийн улс оронд байхгүй. Манайх чинь НҮБ-ын гишүүн. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл зарчим, Сэжигтэн яллагдагчидтай харьцах зарчим… гээд бүх зарчмуудад гарын үсэг зурсан. Тэр нь Үндсэн хуулиасаа дээр гээд хэлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, аливаа маргаан байвал Үндсэн хуулиас давсан олон улсын гэрээ байвал бид олон улсын гэрээг дагана гээд Үндсэн хуулиараа баталгаажуулчихсан. Олон улсын хууль, гэрээ, зарчмаар бол хууль буцаан хэрэглэдэггүй учраас бид яаж ч чадахгүй” гэжээ.

Хэдийгээр өнөөдөр хууль тогтоогчид хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхдөө өмнө нь энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг буцаан шалгана, буцаан энэ хуулийн үйлчлэлд хамааруулна гэж мэдэгдэж байгаа боловч Монгол улсын байтугай Дэлхийн түүхэнд өнөөдөр хуулийг буцаан хэрэглэх зарчмын зүйл байдаггүй. Ийм учраас өнөөдрийн олны анхааралд орсон, олны эрх ашгийг хохироосон, ялангуяа авилга, албан тушаалтай холбоотой гэмт хэргүүд цаашдаа шийдэгдэхгүйгээр “яг энэ хугацаанд үйлдэгдсэн, тухайн үед энэ хууль үйлчилж байсан” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж, ямар ч хариуцлага хүлээхгүй байх нөхцөл боломж нэгэнт бий боллоо. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрхэн батлагдах, тэр дундаа хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн хаанаас эхэлж хэрэгжүүлэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...