ЯПОНД ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХЯТАД ИРГЭНИЙГ ЦААЗААР АВЧЭЭ

Япон улсын Хууль зүйн сайд Масако Мори одоогоос 16 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэрэгтэй холбоотойгоор хятадын нэг иргэнийг цаазаар авснаа албан ёсоор зарлалаа. Вэй Вэй гэх хятадын иргэн өөр хоёр хүний хамтаар 2003 онд Японы Фукуока хотод Шинжиро Мацумото гэх бизнесмений гэрт хулгай дээрэм хийх зорилгоор орохдоо тухайн айлын дөрвөн хүний амийг хөнөөж, цогцсыг нь усанд живүүлж хэргийнхээ ул мөрийг далдлахыг оролдсон байдаг. Тэрээр Хятад руу зугтсан ч хожим нь баригдаж, нэгийг нь 2005 онд цаазаар авсан бол нөгөөд нь бүх насаар нь хорих ял оноосон байна. Улмаар хэргийг нарийн нягталж шалгасны эцэст БНХАУ-ын иргэн Вэй Вэй тухайн хүн амины хэрэгт гэм буруутай болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон тул түүнийг цаазаар авсан болохыг Японы Хууль зүйн сайд албан ёсоор зарлажээ.

Япон улсын Хууль зүйн сайд Масака Моригийн зүгээс хятад иргэний үйлдсэн энэ хэрэг нь маш ноцтой, онц аюултай, тэр дундаа 8, 11 настай хоёр хүүхдийн амийг хөнөөсөн нь байж боломгүй аймшигт хэрэг байсан гэсэн мэдэгдлийг хийсэн байна. Гэхдээ Вэй Вэйгийн хувьд өнгөрсөн хугацаанд өгсөн байцаалт, мэдүүлгийнхээ үеэр хэрэгт гар бие оролцсоноо хүлээн зөвшөөрдөг боловч голлох үүрэгтэй оролцоогүй гэж тайлбарладаг. Энэ утгаараа өөрт нь цаазын ял бус бүх насаар нь хорих ял оноох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Тэгвэл өмнөх шүүхийн гаргасан шийдвэр дээр үндэслэн түүнд оноосон цаазаар авах ялыг албан ёсоор хэрэгжүүлсэн байна.

Япон улсад 2007 оноос эхлэн гэмт хэрэгтнүүдийг цаазаар авсныхаа дараагаар олон нийтэд албан ёсоор зарладаг ийм ил тод тогтолцоонд шилжсэн юм. Вэй Вэйгээс өмнө одоогоос 10 жилийн өмнө хятадын өөр нэг иргэнийг Японд цуг амьдардаг байсан нутаг нэгт гурван хүнийхээ амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргээр цаазаар авч байв. Тэр үеэс хойш буюу нийт 10 жилийн хугацаанд Япон улсад өөр гадны улсын ямар нэг иргэнийг цаазаар аваагүй байсан бол БНХАУ-ын дахин нэг иргэнийг цаазаар авснаа албан ёсоор зарласан байна.

Нийтдээ Япон улсад энэ онд 3 дахь хүнийг цаазаар авах ялыг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар Японд нийтдээ цаазын ял сонссон 100 орчим хүн хүлээгдэж байгаа бөгөөд тухайн хэрэгт нь яг цаазын ял оноох өдрөөс цаазын ял гүйцэтгэх өдрийг нь хүртэл ямар нэгэн байдлаар урьдчилсан мэдээллийг өгдөггүй байна.

Ерөнхийдөө Япон улсад нэг жилд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн хүний тоо нь 2-3 байдаг бол өнгөрсөн онд энэ тоо 15-д хүрч байв. Үүнд 1995 онд Токио хотын метроны буудалд хорт бодис ашиглан халдлага үйлдэж 13 хүний аминд хүрч, 5800 хүнийг эрүүл мэндийн хувьд хохироосон Аум Шинрикё бүлгийнхэн болон тэдний толгойлогч Шоко Асахараг цаазаар авчээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...