БЯМБЫН РИНЧЕН ГУАЙ ЧОЙЖИЛЫН ЧИМЭДЭД “АРХИ ГЭДЭГ АМААР ОРЖ АМИАР ГАРДАГ ШУЛАМ ШҮҮ” ГЭЖ ХЭЛДЭГ БАЙВ

Монголын орчин үеийн алтан зул шиг гэрэлтсэн их авьяаст зохиолчдын магнайд Чойжилын Чимэд хэмээх яруу найраг, жүжиг, кино, орчуулга, үргэлжилсэн үгийн төрлөөр олон гайхалтай бүтээл туурвисан төрийн шагналт зохиолч орж таарах нь зүйн хэрэг.
Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би,
Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог би” хэмээн эхэлдэг алдарт “Би монгол хүн” шүлгээ тэр бичихдээ ердөө 18-тай байжээ. МУИС-ийн багш, Монголын Энхтайвны хорооны дарга, Ази, Африкийн эв санааны нэгдлийн Монголын хорооны дарга, Зохиолчдын эвлэлийн орлогч дарга явсан Чимэд Соёлын яамны жүжиг киноны хэлтсийн дарга байхад түүний албаны умгар өрөө нь алгын чинээ дэвсэх хивсгүйгээс гадна орсон хүн борвио нугалах илүү сандал ч үгүй байсан гэдэг. Тэгсэн мөрт Чимэдээр хамгийн чухал төрийн бичиг баримт бэлтгүүлж байсан агаад сайдын албыг өлхөн хийж чадах өндөр боловсролтой хүн байжээ.
Дарга түшмэд түүнийг гуйж оросоор бичүүлэх, орчуулах хэрэг гарч дуудаад эзгүй байвал нь “Чимэд хаачсан бэ, сураад олдохгүй байна. Хаа байгаа газраас нь олж ир” гэж омогтой тушаадаг байв. Хаа байгаа газраас нь олж ир гэдэг үгийн цаана “архидаж л яваа биз, ресторанаас эр” гэсэн атгаг санаа нуугддаг байжээ. Чимэд гуай үе үе балгадаг байсан юмсанж.
Түүний “шадар цэрэг” явсан соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Х.Зандраабайдий гуай багшийгаа хамгийн сайн мэдэх хүний нэг. Бараг нэвтэрхий мэддэг гэхэд ч хилсдэхгүй. Хамгийн гол нь тэрбээр хэзээ ч шударга үнэнээр бүгдийг нэвт шувт бичдэг цэгцтэй тулхтай зохиолч бүлгээ. Түүний дурсамжаас хураангуйлан ганц л сэдэв дор өчин өгүүлсү.
– Чимэд гуай дандаа биш боловч үе үе сүрхий ууж хэд гурав хоног алга болно. Гэхдээ сураг тасрахгүй. Хаа нэгтээ газраас утасдах юм уу эсвэл хөлсний тэргээр ирчихсэн хүнээр дуудуулж тоолуур руу заан “Үүнийг төл, надад мөнгө байхгүй” гэнэ. Нэг гэм нь хаа хамаагүй газар очиж хэнтэй ч хамаагүй уух гээд байдаг болсон юм. Тийм цэмцгэр хүн яагаад ийм муухай царайлсан амьтастай нийлнэв гэж гайхдаг байлаа. Тэгэхнээн цаанаа учиртай юмсанж. С.Эрдэнэ, Д.Тарва, Б.Явуухулангаас эхлээд үерхдэг хэдэн зохиолч нь ариудахаар шийдэж архинаас гараад нэг их боловсон томоотой эрчүүл болов. Түүнээс хойш Чимэд гуайтай нийлэх хүн ховордож ад үзэх хүн элбэгшив.
Дотроо засах санаатай өглөө эрт очиж үүдийг нь тогшиход хаалгаа тайлж өгөх айлгүй болов. Дөчин мянгатын орчноос дайжин явахаас аргагүйд хүрэв. Гай мундах биш, энэ үед Л.Ванган, Ц.Гайтав гээд нөхөд нь нас барав. Ийм үед уруу татах хүн мундахгүй. Чимэд гуай эзгүй байгаад нэг утасдахад нь “Та хаанаас ярьж байна” гэвэл “Амгалангийн сангийн аж ахуйн ажилчдын сууцнаас” гэж байлаа. Сүүлд бас нэг удаа хаагуур явсныг асуухад Баянхошуунд айлд байсан гэж байв. Чимэд гуай янзын хүн л дээ. Нэг өдөр утсаар дуудав. “Туул” ресторанд байгаа гэнэ. Хурдан хүрээд ир гэнэ. Дуртай дургүй очлоо. Аварга С.Цэрэн өөр хэн ч байлаа даа, гурвуул сууж байна. Мань хүн сайхан халчихсан малилзаад яг ахидаг дээрээ болчихсон байна. Намайг хоол идээд дуустал баахан мөнгө гаргаж хүн бүрт 50 төгрөг өгөв.
– Хоёулаа уулзаагүй шүү. Харин би маргааш ажилдаа яг очно. Тэгээд нэг хэсэг уухгүй. Би гайхан харав. Чимэд гуай,
– Бүү эргэлз. Би хэлсэндээ хүрдэг хүн гэв.
Нээрэн намайг ажилдаа ирэхэд хэдийнэ ирчихсэн толгой өөд татахгүй сууж байлаа. Ер нь уухгүй гэвэл биеэ барьж чаддаг хүн. 1979 онд бид Москвагийн кино наадамд очлоо. Манай Чимэд шалгаруулах комиссын гишүүн тул гэр бүлтэйгээ уригдаж Цэвэлсүрэн (гэргий), Минжин (охин) хоёр очсон юм. Тэгэхэд манай Чимэд дарга дэлхийн киноны оддын дунд ороод хэнтэй нь ч орос, англи, герман хэлээр чөлөөтэй ярьж тэдний асуултанд гартахгүй хариулж байгааг хараад бахархах сэтгэл төрж байлаа. Кремлийн ордны Георгиевскийн их танхим, Москвагийн кино театруудын тайз, шалгаруулах комиссын байранд дүүхэлзэж зогсоо түүнийг харахад өөртөө жинхэнэ таарсан дэвжээн дээрээ байгаа юм шиг харагдаж байлаа. Архи дарс элбэг, комиссын гишүүд үдийн хоолоо өнгөт дарстай зооглож байв. Чимэд гуай “Би уухгүй” гээд хүний урманд уруул дүрдэггүй байлаа. Кремлийн ордонд хүлээн авалт болж идээ будаа, архи дарс ширээ хотойлгож байхад ч Чимэд гуай аргагүй нэг юм үзсэн хүн шиг байж билээ. Мань хүн муу нэр олчихсон болохоос тийм ч яахаа алдсан архичин байгаагүй юм. Уухаараа олон таван үггүй, сайхан зантай, хаа байгаа газраа унтахаас өөр хал балгүй хүн. Гэм нь гэртээ хэчнээн ч элбэг байсан уухгүй, гадуур явж хүнтэй нийлэх гэдэг, цааш ахиж хэсдэг муу зантай. Гэрт нь аваачих гэхэд зугтаж дайжих арга сүвэгчилж, гэрээсээ хөөгдсөн, мэдэгдэл авчихсан гэх юм уу загнасан, зодсон ч гэж залж байж магадгүй. Тэр муу зангий нь мэддэггүй хүмүүс үнэмшиж цуу яриа болгодог, эхнэр хүүхдийг нь элдвээр хэлдэг байсан юм. Ууж идээгүй цагтаа Цэвэлсүрэн тэр хоёр шиг найрамдалтай, нялуун улс олонгүй байх. Мань хүн ч бас мөрөөрөө аяга тагш юм балгачихаад гэлдэрч явдаг нэгэн биш гэртээ хичнээн сайхан юм байсан ч илүү дэлүү харахаас сийхгүй л эр шүү дээ. Гэхдээ хэрүүл уруулд дургүй, хараал хэлдэггүй, хүн шоолж нэр хоч өгдөггүй хүн байлаа. Нэг өдөр “Би их сонин юм сонслоо. Манайхан орлогч даргадаа нэр хайрласан байна” гээд түсхийтэл инээв.
– Цаадуул чинь сайн ноён хан Намнансүрэн, муу ноён дарга Наваансүрэн гэсэн байна, яаж тэгж санаанд нь ордог байнаа гээд учиргүй хөхөрч байсан сан.
Чимэд гуай 1980 оны 2-р сарын 14-нд таалал болсон юм. Баасан гаригийн өглөө тэр хоёр ажил амжуулахаар гарчээ. Нэг нь холбооноос сонин авчрах, нөгөө нь хүүгийнхээ хуриманд очих байж. Эхлээд охиноо дагуулаад сонин авахаар явжээ. Охины ярьж байгаагаар шинэ сонин аваад үүдэндээ иртэл аав нь амаа барьж “Пээ, нөгөө сонгиныг нь авахаа мартчихаж. Миний хүү гэртээ ор, аав нь сонгино аваад ирье” гээд буцжээ. Тэгээд эргэж ирсэнгүй.
Хүлээгээд ирэхгүй болохоор нь хүүгийнхээ хуриманд очиж дээ, мөнгө авахаа мартаагүй байгаа даа гээд үзэхэд мянган төгрөгнөөс ганцхан зууг нь л авсан байж. Зохиолч Дожоодоржийн ярихыг сонсвол “Би үдийн хоол идэх санаатай 7-р гуанзанд ороход минь хүн эмч Гомботой цуг нэлээд халчихсан сууж байлаа. Хэдэн үг солиод явах гэхэд мөнгө байна уу гэсэн. Байгаа 30-аад төгрөгөө өгсөн” гэдэг. Сэлбийн гүүрний тэндэх “Уран бэр” кафен эмэгтэй “Чимэд гуай оройхон хэрд нэг залуугийн хамт манайд ирсэн. Нэлээд суусан. Автобус зогсох боллоо гэхэд яаран гарсан. Үүдэн дээр Чимэд гуай хальтирч айхтар чанга ойчих шиг болсон. Цуг яваа хүн нь босгож харагдсан” гэж ярьж байлаа.
Цааш хэрхсэнийг сонирхвол дөнгөж ашиглалтад орж байгаа III хороололд очжээ. Очсон айл нь Эвлэлийн Төв хороонд ажилладаг Болд гэдэг залуугийнх. Дам сонсвол ээжтэйгээ цуг суудаг байж. Чимэд гуайг нэг өрөөнд унтуулж нэг мэдэхнээ нөгөө хоноц нь ус ууж байгаа чимээ гарч байж. Сайхь залуу өглөө эрт босоод улс төрийн сонсголд суухаар яаран явж. Чимэд гуайг харахад унтаж л байж. Хагас сайн өдөр учир гэрийн эзэн залуу гэртээ ирж үдийн цай уусангүй. Гэрт эх нь үлдсэн байж. Тэр нэг өрөөндөө хүн унтаж байгааг мэдсэн учир оройхон хэрд “Яасан их унтдаг хүн бэ” гэж хачирхан орж харвал зүгээр ч нэг унтаж байгаа хүн биш шиг санагдаж. Тэгээд хотын түргэн тусламжийг дуудаж Чимэд гуайг эмнэлэгт хүргэн үзлэг хийхэд цус харвасан байжээ. Эмнэлэг сэхээх гэж элдвээр оролдсон боловч ухаан орохгүй байсаар таалал болжээ.
Нэг удаа Чимэд гуай Ринчен докорын тухай ярьж байгаад,
– Ри багш юмыг дандаа онож хэлнэ шүү. Намайг нэг тааруухан явахыг хараад “Чимэд ээ! Архи гэдэг амаар ород амиар гардаг шулам шүү гэж билээ” хэмээн дурссан нь санаанд орж байна. Согтуу явж байгаад “Уран бэр”-ийн үүдний мөсөн дошин дээр хальтарч унаснаас хүчтэй доргиж цус харвалт авсан байхаа ядахгүй. Мань хүн угийн их даралттай, элэг нь өвчтэй. Гарын алга, цээжээ харуулахад нэл улаан толботой харагддаг сан. Нэг удаа сүүлчийн гэрлэлтийнх нь тухай сонирхоход,
– Би хуучин авгайгаасаа салах гэж салаагүй, салахаас аргагүй болоод салсан. Арваннайман жил болоод салсан юм. Эр эм хоёр хэн нэгнийгээ олны өмнө доромжлон гутаавал сэтгэлийг нь амархан хөргөдөг. Түүнээс биш гэр орондоо хэрэлдэх ноцолдох, тэр бүү хэл бахиар чимхэж, алхаар цохисон ч тэгсгээд мартчихна. Харин сэтгэлийг нь хөргөвөл үү нэг хөрсөн сэтгэл дахиж бүлээсдэггүй юм. Түүнээс салаад хүнд хэлээгүй л болохоос би аминдаа их тэвдсэн. Заримдаа дэмий ч юм болов уу даа гэж боддог байлаа. Буцаад очих халуун. Гудамжны хүн болох амархан юм шиг байна билээ. Ямар азаар Цэвлээтэй учирсан юмдаг вэ. Зарим хүн түүнийг гэр бүл үймүүлсэн гэж ярьдаг юм гэнэ лээ. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Над нэг муу аз байсан юм байлгүй. Энэ бор хүүхэнтэй учраад би жаргаж байгаагаа мэддэг мөртлөө өөрийн эрхгүй гомдоочих юм. Намайг архи уулгахгүй гэдгийн учир нь дахиад бэлэвсрэх вий гэдгийг эмэгтэй хүний зөнгөөрөө мэдээд айж байгаа хэрэг шүү дээ. Заримдаа би Цэвлээгээ цөхрөөж байх шиг санагддаг. Ингэж ойлгосон мөртөө биеэ барьж чадахгүй, дүүрсэн ч эрээ дээ би! Хэрэв муу ах нь ингэж савж яваад үхчихвэл,.. ваа гончигсүм минь. Цэвлээ минь даанч өрөвдөлтэй амьтан үлдэнээ дээ гэж билээ.
Чимэд гуайн 50 насны ой нижгэр болсон. Хэд хоногийн дараа энэ тэрийг ярьж сууснаа,
– Ойгоо сайхан тэмдэглэлээ. Санасандаа хүрлээ. Одоо нүд аньсан ч гомдолгүй… гэж сэжиглэмээр үг хэлэхэд тоглоом наргиа биз гэж бодсон. Тэгэхнээ тоглоом биш амны алдас байсан юмсанж. Манайхны ярихыг сонсвол Чимэд гуай таалал болохоосоо хэдхэн хоногийн өмнө Соёлын яамны бараг бүх өрөөгөөр орж хүмүүстэй тамхилан сонин сайхныг ярьжээ. Тэндээсээ “Монгол кино” үйлдвэрээр орж, Драмын театраар очжээ. Бас “Үнэн” сонин, Радиогаар орж хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ удтал ярилцсан гэдэг юм. Энэ бүхнийг бодохоор орох газраараа очиж, уулзах гэсэн хүмүүстэйгээ уулзаж салах ёс гүйцэтгээд байсан шиг санагддаг. Чимэд гуайн гэнэтийн үхэл нь санаандгүй бөгөөд харамсаж баршгүй явдал байлаа.
– Чимэд зуурдаар нас барсныг сонсоход аянга ниргэх шиг болж сэтгэл хямраад нэг хэсэгтээ тайтгарч өгөхгүй байсан гэж алдарт кино найруулагч Д.Жигжид гуай гунигтай ярьж байж билээ. Нэг мэдсэн би одоо Чимэд гуайгаасаа ах болчихжээ. Он жил улирах тутам залуу цагийн сайхан дурсгалтай үйл явдлууд сэтгэлд ургаж нүднээ тодрох агшинд Монголын ард түмний билигт хөвгүүдийн нэг сүрлэг сайхан Чимэд гуай санагдаад байдаг юм хэмээн түүний шадар шавь соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Х.Зандраабайдий гуай нэхэн дурссан бүлгээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч П.Хаянхирваа гуай гайхалтай үнэн үгийг Чимэд агсанд зориулж хэлсэн байдаг юм.
– Бид ямар их авьяас билигтэй зохиолчтой хамт амьдарч байж хамгаалж чадсангүй вэ?..
…Нээрээ л чадаагүй юм шүү дээ…

Сэтгэгдэл
Уншиж байна...