Монгол сайхан хэлээ хамгийн олон эмнэг хангал үгээр баяжуулж, байгаа оносон оночит зүйр сэцэн үг нь ард зоны амны уншлага болсон, уран зохиолын бүхий л төрлөөр бүтээлээ туурвин, шинэ шинэ төрөл зүйл бүтээсэн бичгийн их хүмүүн, яруу найрагч хэн сэн билээ. Улс төрийн хахир хатуу цөллөгт халуун говьд тэмээ болохоо шахан шидэгдэж номоо шатаалгасан монгол зохиолч гагц түүнээс өөр үгүй. Монгол Улсын төрийн сүлд дуулалд
“Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая” гэсэн шинэ шүншиг, шинэ амьсгал нэмэрлэсэн тийм уран бүтээлч Монголд ганцхан. “Монгол Жангар” хөлгөн их тууль, “Монгол ертөнцийн гурав”, “Жирмийн сүлжээ” зэрэг монгол соёлын ай их далайд түрлэг нэмсэн тэр их хүмүүн болбоос Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн болон билгүүн номч Бямбын Ринчений нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсан абугай гэдгийг найман настай балчраас наян настай буурлууд дуу нэгтэй хэлнэ.
Туульч, Өөлд Тангадын Галсан 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу буюу өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг Бумбат хэмээх газар мэндэлсэн байдаг. Бидүгүн халх эхийн сүү, Өөлд эцгийн тууль хөхөж өссөн түүнд “Сайн хувьт” гэсэн утгатай Галсан хэмээх нэрийг эцэг, эх нь хайрлаж эдүгээ түүний нэрийг Монгол даяараа төдийгүй, ертөнц дахинаараа мэддэг болжээ. Өөлд туульчийн ууган хүү Галсан явдаггүй, ярьдаггүй, зүдүү нэгэн байжээ. Сэтгэл чилсэн аав нь Зуугийн Дансран хэмээх эрдэмт зурхайч хүмүүнд очиж хонийг нь сар хариулж өгсөнд “Чи буянтай хүн байна. Мянган хонийг гуч хоног жаргаана аа гэдэг гурван түмэн амьтанд үйлдсэн буян. Тусыг ачаар хариулах ёстой. Би хөвүүний чинь төөргийг зурж өгье. Гэхдээ зурхайн төөрөг, ерөөл таарах эсэхийг урьдаар шинжье” хэмээгээд мөнх зулын мөнгөн цөгцөөр бог будаа утгаж “Чи үүнийг тоол. Би хэд байгааг нь зурж тооцъё. Тэгээд тоо дүглэвэл зурхайн ерөөл таарч буй нь тэр. Харин тоо зөрвөл ерөөл зөрнө шүү” хэмээжээ. Тангад гуай гурвантаа тоолсонд нэг л тоо гараад байж. Зурхайч ч үнсэн самбар дээрээ хулсан үзгээр баахан тоо бөмбөрүүлсээр хэдэнтээ нягталсаны дараа гарсан хариугаа хүүгийн аавд, туульч Тангад тоо бичсэн цаасаа зурхайчид харуулж тоог нийлэхэд нэгээр зөржээ. “Зурхайн ерөөл таарсангүй дээ. Хоёр хоног морио өллөөд гэртээ харь даа” гэхэд нь зүдүү хүүдээ сэтгэл чилсэн эцгийн дагз руу үүлгүй тэнгэрээс аянга ниргэх шиг болжээ. Цөхрөнгөө барсан хөөрхий эр хий дэмий арван хуруугаа арвалзуулан харсанд баруун гарын эрхий хурууны баруун жавжинд нэг ширхэг бог будаа хавчуулсан байжээ. Баярласан эр эзэн нь хориглосон хэдий ч хонийг нь хариулсаар яргуй хөөсөн хаврын малыг шар торгон дээр цагаан сувд хэлхсэн мэт торгоон жаргаасаар, энэ зуур зурхайч зүдүү хүүгийн хэтийн заяа төөргийг зурж гүйцжээ. Тэгээд эзгүй хээрийн хоймор гарч эргэн тойронд хэн ч үгүйг магадалсаны дараа “За хө, нэрэндээ таарсан сайн хувь заяат хүү ажээ. Луут, луст хоёулангийн ивгээлд багтах хөвүүн байна. Хожуу их явж хорвоог дугуйлах учир явдлаа нөөжээ. Хожуу их ярих, ном их айлдах учир үгээ нөөжээ. Үүнийг хэнд ч дуулгаж үл болно. Эргэн тойронд хүн байтугай, шаазгай ч байхгүй байгааг чи харж байна уу. Хэрвээ энэ задарваас хүүгийн хөлд, хэлд орох удаашрах цөвтэй” хэмээжээ. Төрийн нууц хүртэл дэрийн өнцөгт задардаг жамаар туульч эр зурхайчийн үгийг эхнэртээ шивнэснээс ч юм уу, хүү нь тав хүрээд хөлд, долоо хүрч байж хэлд оржээ.
Т.Галсан нэгдүгээр ангийг муу, хоёрдугаар ангийг дунд, гуравдугаар ангийг сайн, дөрөвдүгээр ангийг онц дүнтэй дүүргэхдээ хичээлээ шүлэглэн бичдэг, олон тооны шүлэг цээжээр уншдаг, үлгэр тууль хайлдаг сонин хүүхэд байсан хэмээн багш нар нь дурсдаг. Түүний багш “Догь” Бат хэмээх догь нэгэн байсан гэдэг. Зураач, барималч, инжаан тэрбээр шавийнхаа шүлгээр бяцхан зурагт ном гаргаснаар Т.Галсангийн анхны түүвэр 1948 онд ганц хувь гар бичмэлээр бичигдсэн байна. “Ботго” нэртэй тэр номонд
“Тавтын мөнгөний данхрыг яана
Тавгийн еэвэн шиг сүртэйгий нь яана
Тайрдас шиг өнхрүүлэхэд зугаатайг нь яана
Талх авч хүрдэггүй хяслантайг нь яана” хэмээн шүлэглэсэн нь тууль хөхөж өссөний хишиг, авьяас билгийн анхны гараа болсон гэлтэй.
Миний хувьд Тангадын Галсан багшдаа шавь барилдаад гуч гаруй жилийн нүүр үзжээ. Тавдугаар анги төгссөн жил 1987 оны наймдугаар сард сургуулийн жижүүр ажилтай буурал ээж Пүрэвмаа маань өдрийн цайндаа ирэхдээ “Сургууль дээр гадаад, дотоодын олон зохиолч ирлээ. Тэдэн дунд манай ангийн хүү Тангадын Галсан ч ирж. Багадаа үг бүхнээ толгой холбож ярьдаг, үлгэр оньсого их мэддэг, цээж сайтай хүүхэд байсан. Одоо улсдаа алдартай мундаг зохиолч болж. Миний хүү шүлэг бичдэг юм чинь эмээ нь дагуулж очин танилцуулъя” гэхэд ном унших дон туссан би дотроо их баяртай байсан ч тэр том зохиолчтой нүүр тулахаас ихэд эмээж “ямаанд явах” нэрийдлээр бушуухан зугтаж одсон сон. Ерэн оны цагаан морин жил би зэргэлдээх Байдрагийн сангийн аж ахуйн буюу Жаргалант сумын арван жилийн сургуулийн наймдугаар ангид сурч байв. Өвлийн жавар тачигнасан нэгдүгээр сарын нэгэн өглөө орос хэлний Алагаа хэмээх өвгөн багш минь ангид орж ирээд “Батцэнгэл намайг дагаад яв” гэж тушаалаа. Алагаа багш их зарчимч хүн тул чухам ямар хэрэг тарьснаа ойлгож ядан дагасаар сумын зочид буудалд очлоо. Цонх нь битүү цантсан өрөөнд орвол сурах бичиг, ном, сонин дээр зураг хөрөгтэйгөө заларч байдаг монхор хүн ширээн дээр юм бичээд сууж байна. Зүрх палхийгээд явчихлаа. Эмээх шиг, сүрдэх ч шиг. Дэмий л толгойгоо маажих аядан зогсвол “Аа, нөгөө шүлэг бичдэг хүү юү? За шүлгээ уншина даа хө” гэлээ. Шүлэг унших нь байтугай миний дуу ч гарах шинжгүй өвдөг чичрүүлэн зогсов. Дэмий л цүнхээ уудлан шүлгийн бор дэвтрээ өглөө. Хаалга нээлттэй дамждаг өрөөнд их л харсан баймгай гялгар духтай өвгөн хүн монцгор гаанснаасаа тамхины цэнхэр суунаг татуулан бүв бүгтхэн сууна. Шаврай сурагч миний энэ насандаа хараагүй тормолзсон сайхан эгч угаалгын өрөө зүглэх зуураа хөөрхөн нүдээ талимаатуулан амандаа ардын дуу гунганан гунхалзана. Найрагч Галсан дэвтрийг минь үг дуугүй нэлээд уншиж байснаа Алагаа багшид “Шүлэгч хүү байна шүү. Яваандаа яруу найрагч болох нь хө” гээд надад хандан “Зээ хө, яруу найраг сайн уншиж, цээжил. Явуухулан, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Р.Чойном (гээд баахан яруу найрагч, зохиолчийн нэр дурдан) нарын шүлгүүдийг цээжил. Анхны гэрийн даалгавар шүү” гэлээ. Би дотроо “Хэзээ ч шалгах гэрийн даалгавар юм” гэсэн шүү юм бодон сургууль руугаа алхсан сан. Их найрагч тэр өвөл төрсөн нутаг Заг сумандаа очихоор ардын уран зохиолч аугаа их С.Дашдооров, аугаа их дуучин Гонгорын Хайдав, ардын дуучин ард түмнээ “Өнөр бүл”-ийн мэнгэт Цэрмаа гэгдсэн, Чулуунцэцэг гавьяат нартай явж байжээ.
Цаг хугацаа улирч, дунд сургуулиа дүүргэсэн би “Дипломгүй сэхээтэн болно” гэж ус нутагтаа хонь хариулж, хомоол түүсэн шиг жил гаруй болтол 1993 оны аюулт зуд тохиож, мал маллах тун ч бэрх болоод цагийн хатууг чухам нэг мэдрэв. Морь мал ч явах аргагүй дүн битүү цастай ч хонины хишиггүй өдрүүдэд цанаар сумын төв орж сум, сургуулийн номын сангуудын номыг уншиж гүйцээгээд, нутгийнхан маань ёнгоо хэмээн авгайлдаг өндөр нагац О.Дашдонровынхоо бэлэглэсэн “Монголын уран зохиолын дээжис зуун билэг оршивай” хэмээх хөлгөн судрын тоосыг үргээх ажилтай болов. Ерэн гурван оны намар хотод орж ирсэн ч нутгийн найрагчтайгаа тааралдахгүй л байлаа. Улаанбаатар хотын утасны лавлахын бүсгүйчүүлийг залхтал залгасны эцэст багшийн гэрийн утсыг олж авав. Багштай холбогдон, уулзаж шүлгээ үзүүлэх бодолтойгоо өгүүлбэл шинийн нэгэнд ирэхийг билэгшээж, гэрийн хаягаа өглөө. Мөхөс шавь ингэж Тангадын Галсан хэмээх танхай билгүүн найрагчийн өргөө гэрт зочлоход “Миний Загийн голоос найрагч төрөх заяатай” гэж худам монгол бичгээр дурайлгасан үгтэй “Тэмээчний тэмдэглэл” номоо бэлэглэсэн билээ. Урмаар мялаасан тэр хишигт өдөр бол 1994 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр байж. Багш хоёрдугаар сарын 12-нд ээжээс мэндэлсэн гэдэг. Тэгэхээр би тун ч учир жанцантай өдөр багшдаа золгон, сурагч нимгэн дэвтэр дээр бичсэн шүлгүүдээ үлдээж явсан юм уу даа.
Тэр жилийнхээ хавар эзэн богд Чингис хаан минь эмээлт морио бууж амсхийлгэсэн Заг-Байдрагийн голын Хүрэн бэлчирт хонь хариулж явахдаа бичсэн дөрвөн мөртүүдээ багшид гэрийнх нь хаягаар захиа бичин илгээв. Одоо санахад “Нутгийн хавар”, “Хайрын инж” гээд хэд хэдэн шүлэг байж. Зун нь Заг сумын маань 70 жилийн ой болж хол ойроос олон зочид ирсний дотор багш маань гэргий Найгалмаа, охин Тэгшзаяа нарын хамт иржээ. Багштай наадмын эхний өдөр сургуулийн захирлын өрөөнд тухлан байхад очиж уулзвал “Хөгшин гүүний унага бол хөл алдран туйвардаг, залуу гүүний унага урсгалыг нь сөрж умдаалдаг Загийн голын дааганд уухай өргөсөндөө баярланам. Замилангийн их наадамд уралдах заяанд чинь бахархнам” гэх мэт билэгт сайхан үгсийг өгүүлж, “Хөдөлмөр” сонины эрхлэгч Жигжидсүрэн ахад чинь шүлэгтэй сонин байгаа. Очиж аваарай” гэхүй магнай хагарах мэт баярлан, мөнөөх хүнийг сураглан хүрэн мориороо пижигнэтэл давхин очив. Загийн сургуулийн бага ангийн багш Жулчингийн Мөнхжаргал бидний шүлгийн өмнөтгөл болгож багш “Нутгаас ирсэн айраг” хөмсөг гарчгийн дор сайхан богино үг бичжээ. Хожим Зурхай сүнс судлалын ухааны доктор болсон лам Мөнхжаргал андтайгаа шүлэг хэвлэгдсэн сониноо өвөртлөн давхисаар морь барьдаг Шавгийн толгойн наад талын өтгөн цагаан дэрсэн дотор догдлон дэгдлэн уншсанаа яахин мартаж чадах билээ. Тэгэхэд нулимс бүрхэж нүд гүйлгэнээд хэвлэлийн үсгийг оноож чадахгүй бүрэлзэн байсныг сайтар санаж байна.
“Сүүдэр тэнжээтэй Гэрэлтийн ихэр үндсэн цэцэгнээ
Шүүдэр гуниган мишээлээр эгшиглэхээ отголсон энэлэнт чинь
Сүй инжилсэн хуримын чинь мөнгөн бөгжинд хувилъяа
Сүмбэн энхрий хуруунд чинь мөчидхөн тэврүүлж тайтгаръяа” гэсэн өөрийн минь шүлэг хүнийх ч юм шиг санагдаад хөл газар хүрэхгүй баярлаж байснаа сананам. Багшийг буцахаас өмнө уулзаж “Ламын гэгээн” хэмээх нутгийн идээ, цэнхэр хадгийн хамт барихад “Шавиа намар сургуульд оруулна. Найман сарын 25 гэхэд яваад очоорой” гэсэн сэн. Сурч мэдэхийн оргилуун хүсэлд автсан залуу нас тэр өдрийг яахин хүлээж тэвчихэв дээ. Найман сарын 15 гээд л намрын уйтан бороон дунд сум дундын шуудангийн задгай тэрэгний тэвшин дээр үсрэн гарч, улсын нийслэлээ зорьсон. Багшийндаа тал шуудай ааруултай, хурганы гүзээ зөөхийтэй, таван литр шимийн идээтэй шууд л буучихлаа. Ингэж л тэнгэр мэт уудам, тэнгис мэт гүн ухаант багшийнхаа нөмөр нөөлөгт багтан төдийгөөс өдий хүртэл 32 жил авьяас билгийн ажнай хөлөгт нь сундалдан газрын холыг туулж, галвын алсыг зорихоор сэтгэл шулуудсан сан. Тэр намраа багш намайг дагуулан олон ч хүнтэй танилцуулж, олон сургууль, хэвлэлийн редакциар явсны эцэст их зохист аялгууч, ханчин хамбо Сүрэнхорын Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд оюунтан болон элссэн түүхтэй. Энэ л их эрдмийн өргөөнөө аугаа их яруу найрагч Очирбатын Дашбалбар, билэгт гүүш, их төвдөч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, эрдэмтэн гавьж Ш.Сонинбаяр, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба, Пүрэвийн Хорлоо, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, яруу найрагч Сүхбаатарын Батмөнх, доктор Хөгөлбөө Лхагвасүрэн нарын эрдэмт мэргэн багш нараасаа оюун билгийн авшиг хүртсэн хувь тавиландаа талархавч эс барна. “Багшийндаа ороход мэлхий, багшийнхаас гарахаар дэлхий” гэдэгчлэн хэчнээн ч удаа Галсан багшдаа зорин очиж, хэмжээлшгүй их эрдмийн гэрлээс багахан ч болтугай элтэлсэн гэх вэ.
Га багш маань орчлонг таньсан оюунт сэцэн олон шавьтай. Баянхонгорт, Бууцагаанд, Байдрагт багшилж байхад нь сурагч байсан шавь нараас нь улс орондоо нэр хүндтэй олон гавьяатан төрсөн. “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно оо” гэсэн өөдрөг гэгээн найрагч Ламжавын Лувсандоржийн багш гэхээр л бахархах сэтгэл төрнө. Ардын багш Сэндэнжавын Дулам абугай гэхэд “Галсан багш” л гэдэг. Соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн яруу найргийн академийн байнгын гишүүн, яруу найрагч Данзангийн Нямаа багшийнд оюутан ахуйн гэрэлт өдрүүдээ үдсэн хэмээн жил бүрийн сар шинийн нэгэнд гэргийтэйгээ ирж золгодгийг би сайн мэднэ. Монголын дууны шүлгийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргал хоёр үгийнхээ нэгэнд “Галсан багш” гэдэг үгийг эрхэмлэн хэлдэг хүн байсан. Өнөө цагийн сэтгэгч, туурвигчдаас ч багшид шүтсэн шавь нар олон бий. “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн шагналт, МЗЭ-ийн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэн, “Буддист шүлэг”-ээрээ алдартай МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намжилын Мөнхбаяр, МЗЭ-ийн шагналт зохиолч Бямбажавын Ганбаатар нар гэхэд Байдрагийн арван жилийн сургуульд Га багшаар хичээл заалгаснаар авьяасын жигүүр дэлгэж, алдрын харгуйд дөрөөлжээ. Арван хэдхэн настай шаврай бандийг Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт хонины хоргол тоолж явахад хот гэдэг их айлын үүдийг нээн урьж, хорвоогийн гэгээг сэтгэлд таниулсан хосгүй ачтан Га багш минь хойч ирээдүйгээ авьяас билгээрээ үргэлж гэрэлтүүлэн гийгүүлж, зуу насалж зургаадай таяг тулах болтугай хэмээн эл бяцхан дурсамжийг хэлхэв. Багш минь өчүүхэн шавь наддаа (өөрийнх нь бичсэнчлэн)
“Багш та, Хормой өвдгөөс нь адис авмаар хүмүүн бурхан
Багш та, Хоёр үгээс нь мянган утга цацардаг гүн ухаантан
Багш та, Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан өглөөн наран
Багш та, Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан ном-ун элчин” билээ.
Багшийгаа
“Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт
Заяа төөргөөрөө цувж унасан
Яруу найрагчийн хүнд албанд
Ялтан адил зүтгэх тавилан зурсан
Эрхэм шавь Батцэнгэл минь…” гэхүй
Эрхгүй сэтгэл элгэмсэн эрхэлмүү!
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ
ТАНГАДЫН ГАЛСАН ТАВТАЙДАА ХӨЛД, ДОЛООТОЙДОО ХЭЛД ОРЖЭЭ
www.yag.mn
Өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл
Сэтгэгдэл