ХҮМҮҮС ГАНЦААРАА ТӨДИЙГҮЙ ТОСГОН, СУУРИНГААРАА СУРАГГҮЙ АЛГА БОЛДОГ

Манай гариг ертөнц дээр гурван минут тутамд нэг хүн ахуйн осол, гэмт хэргийн золиос болох, авто тээврийн осол мөн ямарваа нэгэн тайлбарлах аргагүй, ойлгомжгүй шалтгаанаар ул мөргүй алга болдог байна. Сүүлчийн хэсэгт хамрагдах хүмүүсийн талаар нэгэн зүйлийг өргөн барихаар шийдлээ.

Хачирхалтай алга болсон нь
АНУ-д 2011 оны 12-р сард ойролцоо насны хоёр хөвгүүн яг нэг ижил цаг хугацаанд өөрсдийн байшиндаа байж байхдаа алга болцгоожээ. Өмнөд Каролин мужид 21 сартай Жейсон Бартон алга болсон тохиолдол бүртгэгдэв. Хүүгийн эх түүнийг хамгийн сүүлд халуун усанд орохынхоо өмнөхөн харсан байдаг. Түүнийг ванны өрөөнөөс гарч ирэхэд хөвгүүн хаана ч байсангүй. Цагдаагийн хэлтэст мэдэгдэн бараг 200 орчим хүмүүс хүүг ойр хавийн байж болох бүх л газраар самнаж үзсэн боловч хаана ч байсангүй. Харин маргааш нь бороотой бүрхэг уур амьсгалтай өдөр хүүг олцгоожээ. Цагдаагийнхан болон аврагчдын хувьд жинхэнэ гайхлыг нь төрүүлсэн зүйл болсон нь… Хүү өөрийн гэрээсээ бараг 12 км зайд амгалан гэгч нь унтаж байв. Шерифийн өгүүлж буйгаар ийм насны хүүхэд тухайн хугацаанд иймэрхүү хэмжээний хол газар явж яагаад ч чадахгүй байж. Тэр тусмаа үдэш орой, гадаа гудманд харанхуй байхад шүү.
Яг энэ үед Мэн штатад 20 сартай Айла Рейнольд хэмээх охин Жейсон Бартоныг алга болох хугацаатай яг давхцан мөн л хачирхалтайгаар алга болжээ. Цагдаагийнхан ар гэрийнхэн нь ч гэсэн охины алга болсон цаг хугацааг тодорхой хэлж чадахгүй байсан бөгөөд хэргийн учир нь эцэг эх нь охиноо хамгийн сүүлд унтлагын өрөөнд оруулж орхиод өглөө нь очиход байхгүй байсанд оршино. Гадны ямар нэгэн хүн орж ирсэн ямар ч ул мөр байсангүй, цонх хаалга бүгд түгжээтэй, гэрийн хаалга нь хаалттай байв. Эргэн тойрон битүү ой, хааш хаашаагаа хориод км үргэлжилсэн ой мод. Хаана ч байсангүй. Их л удаан эрж хайсан боловч охины ул мөрийг хаанаас ч олсонгүй. Ер нь хүн ул мөргүй алга болсон анхны тохиолдол XVIII зууны үед Новгородод тэмдэглэгджээ.
Тахилч Кирисов сүмийн мөргөлийн үеэр ор сураггүй алга болчихож. Мөн түүхийн шарласан хуудаснаа Манко-Козлихийн худалдааны зах дээр гэгээн цагаан өдөр нэгэн эр олон хүмүүсийг харсаар байтал алга болчихсон тохиолдлын талаар бичиж үлдээсэн байдаг бөгөөд хүмүүс түүнийг “чөтгөр аваад явчихлаа” гэцгээж байв.
Нэлээд сүүл үед алга бологчдын дунд жинхэнэ нэр алдар нь үлдсэн хүн бол доктор Бонвалений хөрш Люсьен Бусье гэгч байв. Энэ явдал 1867 онд Парист болсон байна. Нэлээн орой болж байхад доктор Бонвалений гэрт хөрш Бусье өөрийнх нь бие тавгүйрхээд байгаа учир үзэж өгөхийг хүссэн хүсэлттэйгээр зочилжээ. Доктор үйлчлүүлэгчдээ хувцсаа тайлаад вандан орон дээр хэвтэж байхыг хүсээд өрөөндөө орж чагнуураа аваад ирэхэд орон дээр хэн ч байсангүй, харин Бусьегийн хувцас сандал дээр байсан байна. Цагдаагийнханд мэдэгдэж Парис даяар эрэн сурвалжилсан боловч ямар ч үр дүн гарсангүй.
1910 оны 12-р сарын 12. Америкийн дээд шүүхийн 25 настай ач охин нийгмийн нэрт зүтгэлтэн Дороти Арнольд Нью-Йоркийн 79-р дорнод гудманд байх хувийн эзэмшлээсээ унтлагын хувцас худалдаж авахаар өглөөний 11 цагийн үед гарсан байна. Өдөр 13 цагийн орчимд 5-р авенюд өөрийн найз охин Глэдис Киттэй тааралдан баахан чалчиж байгаад салцгаасан бөгөөд энэ цагаас хойш Дороти Арнольдыг хэн ч дахин харсангүй.
Яг үүнтэй адилхан түүх дэлхийн янз бүрийн орнуудад хуурай газарт, усан дээр, агаарт, орон сууцанд, гудманд, ойд, гадаа талбайд, тээврийн хэрэгсэлд гээд хаа сайгүй тохиолдож байв.
1949 оны 12-р сарын 1-ний өдөр Олбанийгаас Бенингтоныг зүглэн явж байсан автобусны 14 зорчигч автобусанд байсан нэг хүний алга болсны хөдөлшгүй, амьд гэрч нь болцгоосон. Цэрэг Жеймс Тетфорд өөрийн суудалдаа сууж автобус хөдлөх үед унтаад өгөхийг харцгаасан байна. Замдаа нэг ч удаа зогсоогүй автобус Бенингтонд хүрч ирэхэд Жеймсийн байсан газар цүнх болон үнгэгдсэн сонингоос өөр юу ч байсангүй. Цагдаагийн мөрдлөг ямарваа нэг үр дүнд хүрсэнгүй. 26 жилийн дараа залуухан эмэгтэй Марта Файт алга болсон байна. Жексон Файт өөрийн эхнэр Мартагийн хамтаар машинаар Нью-Жерсигээс Манхэттэн орохоор явж байв. Цас маш ихээр орж эхэлсэн тул тэд Линкольный хонгилд хоргодохоор шийдэцгээжээ. Тэд машинаа цэвэрлэхээр болцгоож Марта хойд шилээ, харин Файт урд талынхаа шилийг арчицгааж байлаа. Ажлаа дуусгасан Файт дахин эхнэрээ хэзээ ч хараагүй аж.
Тэгвэл бүр олноороо алга болсон хачирхалтай гэмээр сонин тохиолдол ч байдаг юм байна. 1915 онд Дэлхийн I дайны үед англичууд Балканд дайтаж байх явцад бүрэн зэвсэглэсэн 145 цэрэг бүхий Норфолкийн батальон эсрэг талынхаа байрлал руу довтолж байв. Байрлалдаа үлдсэн нөхөд нь дараа нь батлан хэлэхдээ довтолгоонд орсон батальон гэнэтхэн л түнэр харанхуй манан дунд яваад орчихсон. Харин манан бага багаар арилахад тэнд нэг ч цэрэг байхгүй байсан гэжээ. Жилийн дараа энэ газраас 1000 орчим км зайд байх Францын Амьен тосгоноос холгүйхэн орчимд немцийн рот цэрэг алга болсон байдаг. Дайсны байрлал руу довтолж байсан англичуудыг нэгэн зүйл гайхашруулж байсан нь нөгөө талын нуувчнаас нэг ч удаа буун дуу гарахгүй байсан нь. Ингээд англичууд Амьен тосгонд нэвтрэн ороход тэнд немцийн нэг ч цэрэг байсангүй. Хамгаалалтын шугаман дээрх нуувчид цэнэгтэй буу, галд хатааж байгаа хувцас, гутал уур савсуулсан хэвээрээ, цэргийн дашмаг аяганд талх бүхий будаа нь хүртэл хэвээрээ хоцорсон байжээ.
1930 онд уурхайчин Жо Лабелл Канадын хойд хэсэгт байрлах эскимоссчуудын тосгонд зочлон очжээ. Түүнийг тосгонд очиход хэн ч угтаж аваагүй бөгөөд ямар ч амьд амьтан байсангүй. Тосгоны оршин суугчид юунаас ч юм хийж байсан ажлаа орхиод агшин зуурын дотор дүрвэн зайлсан мэт дүр зураг түүний өмнө тодров. Гал дүрэлзэн, тогоо дүүрэн хоол буцалж, эскимоссчууд суурингаа орхин явахдаа хэзээ ч орхидоггүй байсан эд зүйлс ялангуяа винтов нь хүртэл байж байх нь тэр. Овоохойд зүү нь хатгаастай оёж дуусаагүй хувцас, утаа нь уугисан тамхи бүхий гаанс, хөрч амжаагүй аягатай цай бүгд хэвээрээ байв. Тэдний голоор сэлдэг хавчаахай завь нь хүртэл байрандаа байсан бөгөөд хамгийн хачирхалтай нь үргэлж дагуулж явдаг ноход нь байж байсан байна. Лабелл цагдаагийнханд мэдэгдсэн боловч тосгоныхноос хэнийг ч олж чадаагүй байна.
Кени улсад байх Эльмоло хэмээх арлын оршин суугчид хачирхалтайгаар алга болсон тохиолдол 1935 онд болсон байх юм. Хэдийгээр эдгээр хүмүүсийг эрж хайхаар онгоц дуудсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна.
1991 оны 3-р сарын 5-ны үүрийн дөрвөн цагт Маракайбогийн олон улсын нисэх буудлаас “DC-9” хэмээх тийрэлтэт хөдөлгүүрт онгоц хөөрсөн байна. Энэ онгоц 35 минутын дараа Венесуэлийн баруун хэсэгт орших нефтийн томоохон төв болох Санта Барбарад очих ёстой байв. Хэдийгээр нислэгийг удирдах төвийнхөн ямарваа нэгэн ослын мэдээ аваагүй ч 25 минутын дараа энэ онгоц газартай холбоо тасарсан байна. Тэр даруй эрлийн онгоцыг хөөргөсөн боловч ямарваа нэгэн сүйрэл болсон шинж тэмдгийг илрүүлж чадсангүй.
Америкийн эргийн хамгаалалтын ажилтнууд 1944 оны 10-р сард Кубын “Рубикон” хэмээх онгоцыг олж илрүүлэв. Хөлгийн тавцан дээр гарч очиход тэднийг бараг л амьсгал хурааж байгаа ганц нохой л угтжээ. Хөлөг дээр бүх юм хэвийн, тэр байтугай аврах завь ч гэсэн байрандаа байсан бөгөөд усан онгоцны багийнхан ямар шалтгаанаар хөлгийг орхисон болох нь үнэхээр ойлгомжгүй хэрэг байв.
2003 онд агуулахаараа дүүрэн загас ачсан “Хай Эм 6” хэмээх Индонезийн усан онгоцыг Австралийн эргийн хамгаалалтын албаныхан олсон байдаг. Энэ л бүс нутагт 2006 онд ямар ч хүн үгүй “Ян Сенг” хэмээх чирэгч онгоц, мөн Сардинийн эрэг орчмоос “Бель Амик” хоёр шурагт усан онгоцнууд олдож байв. 1937 онд Оросын эрдэмтэд нэгэн тааврыг дэвшүүлсэн нь үнэнд их л ойрхон очсон байдаг. Тэдний үзэж буйгаар далайн шуурганы үеэр хүмүүс сонсохгүй боловч хүмүүсийн хувьд их аюултай богино давтамжийн хэлбэлзэл үүсдэг байх нь. Харин давтамж 15 герцээс бага болох үед уураг тархины төвд очих үйлчлэл ихэсдэг бөгөөд 7 герцээс бага болсон тохиолдолд хүн үхэхэд хүрдэг байна. 6 герц болоход хүн өөрийн эрхгүй айдас хүйдэст автан, үймэлдэн сандралдаж бүх зүйлийг орхин өөрийн мэдэлгүй далай руу үсэрцгээдэг юм байна.
Н.Бүрэлгүүбадам

Сэтгэгдэл
Уншиж байна...