КОВИД-19-ЫГ ЭМЧЛЭХГҮЙ СУЛ ТАВИАД ДЭЛХИЙГЭЭ НЭГ ЦЭВЭРЛЭЧИХВЭЛ ЯАСАН ЮМ

Энэ санаа бол Их Британийн ерөнхий сайд Б.Жонсоноос анх гаргасан санаа юм. Англи улс бол ер нь дэлхийн хоёрдугаар дайны үед ч тэр, ямар нэг онцгой үед Европоос тусдаа АНУ-аас ч тусдаа шийдвэр гаргадагаараа эрс ялгардаг. Б.Жонсон корона вирусын халдвар Европт эрчээ аваад эхэлмэгц Англи улс элдвийн хорио цээрийн дэглэм тогтоохгүй өөдөөс нь урсгалаар нь угтан авая. Халдварыг бүх нийтэд халдааж, хөнгөн өвдсөн залуус нь эдгэрээд л явна биз. Харин архаг хууч өвчтэй, хөгшин настай хүмүүсээ шууд эрчимт эмчилгээнд оруулаад явъя гэсэн хачин гайхмаар санал тавьсан юм.

Гэхдээ Английн лордуудын танхим болон хатан хаан Элизабета нар энэ санааг огт хүлээж аваагүй ажээ. Зарим судлаачид Их Британийн бүх иргэддээ шууд дамжин халдварлуулаад хүндээр өвдсөн хүмүүстээ л гол анхаарлаа хандуулна, хүн амын 80 хувь нь дархлаатай болмогц энэ вирусын тархалт аяндаа өөрөө зогсоно гэсэн санаа нь бараг л хамгийн үр дүнтэй арга гэж дүгнэсэн байдаг.

Гэхдээ өнөөдөр Их Британи улс хорио цээрийн хатуу дэглэм тогтоон, “Ковид-19”–ын эсрэг хязгаарлах дэглэмээр тэмцэж байгаа билээ. Ихэвчлэн өвчтэй, хөгшин, өндөр настай, архаг хуучтай, эсвэл дархлааны ямар ч тогтолцоогүй болсон хүмүүсийг л түүж “устгах“ маягаар халдварлан тархаад байгаа титэм вирусыг тэр чигээр нь хянаж хорихгүй сул тавиад энэ хорвоогоо нэг мөсөн сайн цэвэрлээд авчихвал яасан юм бэ гэсэн саналыг зарим тэрс үзэлтэй хүмүүс тавиад эхэлсэн байна лээ.

Дэлхийн хүн амын тоо хорогдохоос гадна, илүү зардал, өндөр тэтгэмж зарцуулдаг настайчууд цөөрөөд зөвхөн эрч хүчтэй, эрүүл дархлаатай залуу хүмүүсийн шинэ эрин, шинэ нийгэм үлдэнэ хэмээн тэд үзэж байгаа ажээ. Энэхүү харгис гэмээр онолыг зарим шилдэг эрдэмтэд, томоохон улс төрчид хүртэл дэмжиж байгаа нь гайхал төрүүлж байгаа юм даа.

Мэдээж манай монголчуудад гаднаас ийм санал тавибал урдаас нь шууд л салаавч өгөх нь эргэлзээгүй. Учир нь бид бол ахмад настай хүмүүс, аав ээж, өвөө эмээгээ европчууд шиг зөнд нь хаяад өөрсдөө л амьд мэнд үлдэе гэх хүмүүс огт биш билээ.

Сэтгэгдэл
Уншиж байна...