Италийн найруулагч Роберто Бенигнийн “Амьдрах Сайхан” киног Иосеф Янек Шляйфштейн гэдэг хүүгийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн юм.
Тэрээр 1941 оны 3-р сарын 7-нд Польшийн Сандомиерз хотын Еврейн хороололд нэгэн Еврей айлд мэндэлжээ. 1942 оны 6-р сард Честочова хотын гангийн үйлдвэрт Еврейчүүдийг албадан ажиллуулахаар нацистууд баривчилгаа явуулж, түүний гэр бүлийг авч явсан байна.
Харин ажиллах боломжгүй өндөр настан болон хүүхдүүдийг хорт хийн камерт оруулж олноор нь амийг нь хороож байлаа. Иосеф хүүг аав нь подвалд нууж чадсан бөгөөд тэр үед хүү ердөө л 1 настай байсан юм. Хүү бүтэн жил хагасын турш хонгилд хархнаас хамгаалах мууртайгаа нуугддаг байжээ.
Аав, ээж хоёр нь түүнийг хооллохоор бууж ирэх үед л гэрэл хардаг байв. 1943 онд эмэгтэйчүүдийг Берген-Белсений бөөнөөр хорих лагер руу шилжүүлсэн тул хүү аавтайгаа үлджээ. Удалгүй эрчүүдийг Германы аймшигтай Бухенвалдын хорих лагер руу шилжүүлсэн бөгөөд энэ үед хүүдээ аав нь “ЭНЭ БОЛ ТОГЛООМ” гэж итгүүлж чадсан байна. 2 нас 5 сартай хүүгээ ямар ч чимээ гаргахгүй томоотой байж чадвал ёотон өгнө гэж амлаад уутанд хийж ачаад замын турш хүүгээ бүү хөдлөөсэй гэж бурханд залбирсаар явсан гэдэг. Бухенвалдын үхлийн хорих лагерт, хоригдлууд аав, хүү хоёрт ихэд тусалж байв. Хүүд талх авчирч өгч, хүү борооны усаар амь зогоож байлаа. Хүү ер чанга ярьдаггүй байсан бөгөөд зөвхөн шивнэж ярина. Нэг удаагийн нэгжлэгээр хүү баригдчихжээ. Нацистын харгалзагч өөрийн хүүтэй нь адилхан харагдсан тул өрөвдөөд өршөөсөн гэдэг. Аав нь түүнд хэрэв харуулд баригдвал хар шидтэн гарч ирээд аваад явна гэж айлгадаг байв. Тус хорих лагерт 20 орчим хүүхдүүдийг чадах чинээгээрээ нууж амьд үлдээж чадсаны дотор 4 настай нэрт кино зураглаач Стефан Цвейг хүү ч бас байсан гэдэг.
1945 онд дайн дуусахаас хэдхэн сарын өмнө Иосеф хүү санамсаргүй байдлаар хорих лагерын даргад баригдаж, аав нь түүний амийг гуйж салах ёс гүйцэтгэхийг зөвшөөрөөч гэж гуйсаар амьд авч үлдээж чадсан байна. Зүүн фронтоос дахин нүүлгэн шилжүүлэлт болох үед хүү 1945 оны 4-р сар хүртэл эмнэлэгт нуугдсан байна. Еврей эцэг Шляйфштейн, хүү Иосефийн хамт дайны дараа эхнэр Естерийгээ хайсаар байгаад олж чадсан юм. 1947 онд Иосеф Янек Шляйфштейн хамгийн залуу дайны гэмт хэргийн гэрч болсон тухай протоколд тэмдэглэн үлдээжээ. Тэд гэр бүлээрээ 1948 онд АНУ-д нүүн ирж амьдарчээ. 80 дөхсөн Иосеф Янек Шляйфштейн өмнө нь энэ түүхээ хэвлэлийнхэнд ярьж өгч байгаагүй бөгөөд нэг л удаа ярилцлага өгсөн юм. Хэдий олон жил өнгөрсөн ч сэтгэл санааны маш хүнд байдалд ярилцлагаа дуусгасан гэдэг…
Аав хүн үр хүүхдээ амь насаараа дэнчин тавьж хайрлан өсгөдөг билээ. Ийм аавуудын тухай мянга мянган түүх хүн төрөлхтөнд бий.
АМЬДРАХ САЙХАН…
www.yag.mn
Өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл
Сэтгэгдэл