ХЯТАДУУДЫН ШАХАЛТААР МИСС А.БАЯРЦЭЦЭГ “МУЛАН” КИНОНЫ ГОЛ ДҮРД ТОГЛОХ БАЙСАН НЬ ЦУЦЛАГДЖЭЭ

Хэрвээ БНХАУ-д коронавирусын халдвар гараагүй сэн бол өдийд Холливуд ‘Мулан’ хэмээх цоо шинэ уран сайхны киногоо 1 тэрбум 400 сая хүнтэй Хятадын том зах зээлд нээн үзүүлж ихээхэн ашиг орлого олох байсан буй за. Гэвч энэ удаа тэд тахал өвчний тархалт намжихыг хүлээхээс өөр аргагүй хүнд байдалд ороод байна. 1998 онд ‘Уолт Дисней’ компани ‘Мулан’ хэмээх хүүхэлдэйн кино хийсэн нь дэлхий нийтэд цацагдаж багагүй ашиг орлого авчирсан билээ. Уг хүүхэлдэйн кинонд Хан улсын жирийн нэг тариачны охин хүчирхэг хөрш Хүн гүрний их цэргийг бараг ганцаараа л хөнгөхөн дарж ялдаг тухай үзүүлсэн нь бүх Хятад даяар асар их баяр хөөр бэлэглэсэн гэдэг. Тиймээс Холливуд дараагийн удаа хүүхэлдэйн киногоо уран сайхны кино болгон хувиргаж бүр ч их цөмөрсөн ашиг олохоор төлөвлөсөн юм.

Энэ киноны сураг анх 2018 онд л сонсогдож эхэлсэн бөгөөд тухайн үед манай улсын мисс, загвар өмсөгч А. Баярцэцэг гол баатар Муланы дүрд тоглохоор сонгон шалгаруултанд орохоор зэхэж байгаа мэдээ ч дуулдсан билээ. Өмнө нь Холливудын олон ангит ‘Марко Поло’ кино болон Стивен Сигалын найруулсан хоёр ч кинонд тоглож амжсан мисс жүжигчин маань ‘Мулан’ киноны гол дүрийн пробонд ороод тэнцсэн боловч ‘Илэрхий нүүдэлчин дүр төрхтэй, шанаа түүшин нь хүртэл Хан үндэстний охидоос эрс ялгарч байна. Тэгэхээр хятад жүжигчин тоглуулах хэрэгтэй’ гэснээр Мей Фей хэмээх нанхиад жүжигчин тоглохоор болсон аж. Харин А.Баярцэцэгт кино найруулагч нь Хүннүгийн дайчин эмэгтэйн дүрийг санал болгосон ч тэрбээр эрс татгалзан кино пробыг орхисон гэдэг. Гэхдээ энэ киноны туслах дүрүүдэд Монгол циркийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар каскедор буюу морин дээрх үзүүлбэрт нь тоглосон ажээ.

Үнэхээр А.Баярцэцэг уг кинонд Муланы дүрд тоглосон бол жинхэнэ язгуурын нүүдэлчин дүр төрхөөрөө олон хятад хүний санаанд нийцэхгүй байх байсан биз. Магадгүй монголчуудын баатарлаг түүхтэй өвөг дээдсийг бараг ганцаараа шахуу л нядлаад өнгөрдөг фантастик санаа зонхилсон уг киноны гол дүрд А.Баярцэцэг тоглосон бол эх орон нэгтнүүдээсээ ихээхэн зэмлэл хүртэх байсан ч байж мэдэх.

Дашрамд дурдахад, Хятадын олон ангит ‘Хуан Жу гэг’ киноны гол дүрээрээ бидэнд танигдсан хятадын алдарт жүжигчний тоглосон ‘Мулан’ хэмээх өөр нэг кино байдгийг энд дурдах хэрэгтэй. Тэрхүү кинон дээр ч гэсэн Мулан бүсгүй нь Хүннүгийн их хаан Модун шамьюйн өргөөнд цор ганцаараа тавьж ороод л их хааныг шадар хамгаалагчдынх нь хамт хядаад хаядаг кино л доо.

Түүхэнд огт байхгүй үйл явдлын уран сэтгэмж бүхий ийм кинонд монгол жүжигчид маань тоглох гэж нэг их дурлаад байх хэрэггүй л болов уу. Ганц жишээ дурдахад л Казахстаны ерөнхийлөгч Назарбаевын захиалгаар бүтээсэн ‘Тал нутаг’ хэмээх казахын 1000 өнчин хөвгүүн Зүүнгарын 30 мянган цэргийг хиаруулдаг ‘панаал’-тай кинонд л гэхэд манай томоохон одууд бараг бүгдээрээ хэдэн зоосны төлөө очоод тоглочихсон л байсныг хэлэх хэрэгтэй.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...