Шинжончи сүмийн хандивын мөнгийг Солонгосын засгийн газар хүлээн авахаасаа татгалзжээ

Өмнөд Солонгос улсын эдийн засаг өнөөдөр өвчин тахлын улмаас хориг хаалтанд ороод байгаа. Энэ өвчнийг анх тараасан “Шинэ тэнгэр газар” буюу Шинжончи сүмийн удирдагчдад эрүүгийн хэрэг үүсгэснээ ч тус улсын хуулийн байгууллага саяхан мэдэгдсэн билээ. Харин Шинжончи сүмийн тэргүүн өөрөө газар сөхрөн уучлал гуйж, өвчний эсрэг тэмцэх ажилд хандив болгон сүмээсээ 12 тэрбум вон буюу 10.1 сая ам доллар засгийн газартаа шилжүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч Өмнөд Солонгосын засгийн газар энэ нь чин сэтгэлийн хандив биш харин гэм буруутай үйлдлээ их мөнгөөр хахуульдаж цаана нь нуугдаж үлдэх гэсэн арга саам гэж үзээд уг мөнгийг хүлээн авахаасаа цааргалсан ажээ. Жишээ нь өчигдөр уг 10 тэрбум воныг Шинжончи сүмийн дансанд буцаан шилжүүлж төр ямаршуухан төмөр нүүрээ гаргаж байгааг харуулсан байна. Харин манай улсад ийм үйл явдал болсон бол яах байсан бол оо. 10 сая ам доллар гэдэг бараг 30 гаруй тэрбум төгрөг. Сонгуулийн жил болж байгаа болохоор эрх баригчид болон том намууд ядахдаа талыг нь ч болтугай ашиглах санаархлаа нуулгүй баярласан талархсанаа илэрхийлэн нөгөө мөнгийг нь хүлээн авч аягүй бол духандаа хүргэж адис аваад л ёстой хөгөө хөлдөө чирэх байсан болов уу. Өмнөдийн олон иргэд уг сүмийн хандивыг хүлээн авахаасаа татгалзсан засгийн газрынхаа шийдвэрийг дэмжиж цаашдаа энэ сүмийг Солонгосын нутаг дэвсгэрээс гаргах саналыг тавих болсон гэхээр “Шинэ тэнгэр газар” бүлгэмд мөнгөнд дуртай Монголоос өөр орогнох газар олдохоо больж байх шиг байна. Гэхдээ тэд манайд Шинжончи гэлтгүй зүсээ хувиргаад л өөр урсгалын нэрээр ороод ирэхийг үгүйсгэх аргагүй.

Сэтгэгдэл
Уншиж байна...