Сүүлийн үед цэрэг, цагдаагийн байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаад байгаа билээ. Тухайлбал, ахлах офицеруудын эзлэх хувь нийт офицеруудын тоонд харьцуулахад өндөр байгаа ба офицерын цолны зэрэг дэвийн шаардлагыг хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн зэрэг доголдлууд байна. Түүнчлэн спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Иймд Монгол улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа.
Ажлын хэсгийн даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар нь Монгол улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо томилогдож, бүрэлдэхүүнд нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Хууль зүй дотоод хэргийн яам болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдсон байна.
Тус ажлын хэсэг нь Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталдаг одоогийн мөрдөж байгаа “Цэргийн цол олгох журам”, дайчилгааны болон цэрэг стратегийн сургалтад оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цол олгодог хууль эрхзүйн зохицуулалтад өөрчлөлт оруулж, дээрх гажуудлыг засахаар ажиллаж байна.
Мөн ажлын хэсэг цэргийн дүрэмт хувцасны хууль бус хэрэглээний талаар “Цэргийн дүрэмт хувцсыг өмсөх дүрэм”-д заасан хууль, эрхзүйн заалтуудын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар санал дүгнэлтээ боловсруулна. Ингэснээр цэргийн албаны нэр хүнд өсөж, цэргийн алба хаагчдын албаа хаах итгэл үнэмшил дээшилнэ гэж үзэж байгаа аж.
Эх сурвалжаас Н.Лхамаа