ЗХУ-ын “Аугаа их Эх орны дайн” гэж нэрлэдэг Дэлхийн II дайн 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхэлж, Германы арми Оросод гэнэт халдан довтолсон билээ.
Өчигдөр Аугаа их Эх орны дайн эхэлсний 80 жилийн ой боллоо. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Германы Die Zeit хэвлэлд нийтлэл бичжээ. Энэ нийтлэлд “1-рт, Аугаа их Эх орны дайнд ялалтыг байгуулахын тулд ЗХУ, холбоотнуудтайгаа хамтран Гитлерийн эсрэг өргөн эвсэл байгуулсны үр дүнд ялалт байгуулсан; 2-рт, Тухайн эзлэгдсэн бүс нутгууд дахь эсэргүүцлийн хөдөлгөөнүүд үлэмж их үүрэг гүйцэтгэсэн; 3-рт, Герман дахь фашизмын эсрэг хөдөлгөөнүүд, гишүүд маш идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг онцолжээ.
Өнгөрөгч гуравдугаар сард Оросын АТ телевизийн вэбсайт дээр Аугаа их Эх орны дайны нийт хохирлын хэмжээний талаар бичжээ. Энэ дайнд 26 сая 600 мянга гаруй хүн амь насаа алдсан байдаг. Энэ тоо бол хүлээн зөвшөөрөгдсөн, санал нэгдсэн тоо бөгөөд энэ хохирлыг гаргахдаа 1941 оны 6-р сараас 1945 оны 12-р сарыг дуусталх хугацаанд хүн амын насны бүлгээр явуулсан тооллогод үндэслэсэн тоо юм. Ер нь ХХ зуунд болсон дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөнд амь насаа алдсан хүмүүсийн бодит тоог олж тогтооход төвөгтэй байдаг. Албан ёсоор нас барж бүртгэгдсэн, зарим нь сураггүй алга болсон гэдэг баримтууд өнөөг хүртэл байна.
Дээрх тооны хүн амь насаа алдсанаас гадна Зөвлөлтийн хотууд, бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулсан юм.
Путин Германы сэтгүүлд тавьсан нийтлэлдээ НАТО-гийн өргөжин тэлэх үйл явцыг хурцаар шүүмжилж бичжээ. 1991 оноос хойш буюу Оросын Холбооны Улс болсноос хойш НАТО нь ОХУ-ын ашиг сонирхолд харшилдаг, шууд хил рүү нь тулж ирсэн талаар бухимдалтайгаар шүүмжилсэн байна. Үнэхээр 1991 оноос хойш НАТО-гийн өргөжин тэлсэн үйл явцыг харвал ОХУ руу нэлээд дөхөөд ирчихсэн байдаг. Оросууд үүнийг “НАТО бол Өрнөдийн ардчиллыг Коммунизмаас хамгаалах зорилготой цэрэг, улс төрийн байгууллага. Гэтэл хүйтэн дайны үед гол дайсан байсан ЗХУ нь 1991 онд задарч унан, ОХУ болсон. Гэтэл хүйтэн дайны үед дайсагнах сэтгэлгээ нь Оросын эсрэг чиглэсэн” хэмээн буруутгадаг.
Мөн Путин нийтлэлдээ “1999 оноос хойш НАТО-д таван удаа гишүүнчлэлийн давалгаа өрнөсөн” гэжээ. 1999 онд Төв болон Зүүн европын улс орнуудын хувьд НАТО-д элсэх үйл явц эхэлсэн байдаг. Өнөөгийн байдлаар 1999 оноос хойш 14 улс шинээр гишүүнээр элсээд, 30 гишүүн улстай болсон. Тэгэхээр НАТО-гийн өргөжин тэлж байгаа, Орос руу дөхөж ойртож ирсэн энэ тэлэлтийг Путин хурцаар шүүмжилж байгаа аж.
Нийтлэлийн өөр нэг агуулга нь “Хэдийгээр Дэлхийн II дайны үед Нацистын герман Зөвлөлтийн ард түмний хамгийн том дайсан байсан ч гэсэн хүйтэн дайны үеэс хойш Орос-Германы хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эхлэлтэй” гэж бичжээ. Тухайлбал, 1970-аад оноос байгалийн хий нийлүүлэх чиглэлээр ХБНГУ нь ЗХУ-тай тохиролцож Европын эрчим хүчний хэрэгцээг хангахад үлэмж их үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн “Умардын урсгал” төслийг Путин онцолсон байна.
Тэрээр “Дэлхийн II дайн, ХХ зуунд өрнөсөн үйл явдлыг хүн төрөлхтөн одоо эргэн санаж, дүгнэж байна. Хэдийгээр тэр үед дайсагнаж байсан ч одоо илүү эдийн засгийн хамтын ажиллагаа, боломж бололцоо нээлттэй байгаа” гэдгийг онцолжээ.
Сэтгүүлч Н.Лхамсүрэн