ХЯТАД УЛС АФГАНИСТАНД 3 САЯ ВАКЦИНЫ ТУНГ ТУСЛАМЖААР ОЛГОНО

БНХАУ-аас Афганистаны ард түмний хэрэгцээнд зориулж 200 сая юань буюу 30.96 сая долларын үнийн дүн бүхий вакцин, эм бэлдмэл болон үр тариа, өвлийн хангамжийг буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр болжээ. Лхагва гаригт Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Бээжин хотноо болсон Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхны уулзалтад видео холбоогоор оролцохдоо энэ тухай мэдэгдэв.

Ван И хэлэхдээ “Хятад улс эхний ээлжинд Афганистанд 3 сая вакцины тунг хандивлахаар шийдвэрлэсэн. Манай улсаас Өмнөд Азийн орнуудын яаралтай хангамжийн нөөцийн хүрээнд Афганистанд тахлын эсрэг болон яаралтай тусламжийн материал нэмж өгөхөд бэлэн байна” гэлээ.

Талибуудын шинээр байгуулах Засгийн газрын эхний даалгавар нь тогтвортой байдал бий болгох явдал юм. Цар тахлын тархалтыг хумьж дарах нь энэ тогтвортой байдлыг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж Бээжингээс гаргасан мэдэгдэлд дурджээ.

Талибууд өнгөрсөн долоо хоногт түр зуурын Засгийн газар байгуулж, улсынхаа нэрийг Исламын эмирт улс болгон өөрчилж байгаагаа зарласан байна.

Орч. Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...