БНХАУ-ын Боловсролын яамнаас Боловсролын системдээ шийнэчлэл хийх зорилгынхоо хүрээнд 6-7 насны хүүхдүүдээс бичгийн шалгалт авахыг нь хориглох шийдвэрийг албан ёсоор гаргаад, энэхүү шинэ хичээлийн жил эхэлж байгаа цаг мөчид танилцуулсан байна. Энэ бол өрсөлдөөн ихтэй Боловсролын системд эцэг эх болон сурагч хүүхдүүдэд үзүүлэх дарамтыг бууруулах зорилгоор авч байгаа арга хэмжээ, шийдвэр юм хэмээн Хятад улсын Боловсролын яамны албаны хүн мэдэгдэлдээ дурджээ.
Хүүхдүүд бага сургуулийн эхний жилээс эхлээд 18 насанд хүрч их, дээд сургуульд элсэх хүртлээ шалгалт өгдөг байсан. Гэхдээ Хятад улсын Боловсролын яамны зүгээс бага насны сурагчдаас шалгалт авдаг энэ байдал нь тухайн сурагч хүүхдүүдийн бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байна. Шалгалт бол сургуулийн боловсролын зайлшгүй нэг хэсэг. Гэхдээ зарим сургуулийн хувьд хэт олон удаагийн давтамжтайгаар шалгалт авдаг байдал нь сурагчдад дарамт болдог учраас үүнийг засаж залруулах ёстой гэжээ.
Мөн Боловсролын яам тухайн сургуулийн нэг улиралд авч болох шалгалтын тоонд хязгаар тогтоосон байна. Боловсролын яамнаас энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Бага сургуулийн нэг болон хоёрдугаар ангиуд цаасан дээр шалгалт өгөх шаардлага байхгүй. Харин бусад ангиудын хувьд Сургуулийн захиргаанаас улирал бүрийнхээ төгсгөлд зөвхөн нэг удаа шалгалт авч болно. Ахлах ангийн сурагчдаас улирлын дундуур шалгалт авахыг зөвшөөрнө. Харин орон нутагт бага сургуулийн бүх ангийн сурагчдын хувьд бүсийн хэмжээнд болон сургууль хоорондын шалгалт зохион байгуулахыг хориглоно. Төгсөх ангиас бусад ахлах ангийн сурагчдаас долоо хоног бүрийн шалгалт, ангийн шалгалт, сар тутмын шалгалт авах зэргийг мөн хориглоно. Эрдэм шинжилгээний ажил гэх мэт янз бүрийн нэрээр халхавчилж шалгалт авахыг зөвшөөрөхгүй” гэж энэ шийдвэртээ зааж өгсөн байна.
Энэхүү шийдвэрийг Хятад улсын Боловсролын яамны зүгээс зарлаж, олон нийтэд танилцуулсны дараагаар Хятад улсын нийгмийн сүлжээнд ард иргэд энэ шийдвэрийн талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. Зарим иргэдийн хувьд хүүхдэд ирэх дарамтыг хөнгөвчилсөн маш зөв шийдвэрийг гаргалаа гэсэн бол заримынх нь хувьд сургуулиуд шалгалт авахгүйгээр сурагчдын чадварыг хэрхэн яаж үнэлэх юм бэ гэдэг асуудлыг тавьж байна.
Түүнчлэн Хятадын Боловсролын яам энэ жил нэгдүгээр ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхийг хоригложээ. Боловсролын салбарт хийгдэж байгаа томоохон шинэчлэлийн нэг хэсэг нь энэ юм гэж албаныхан онцлов.
Өнгөрсөн долдугаар сард Хятад улсын Боловсролын яам энэ улсад сургалт явуулж байгаа онлайн сургалтын төвүүдийг үндсэн хичээл зааж ашиг олох тэр боломжийг нь хааж, хориглох шийдвэр гаргасан. Боловсролын тэгш бус байдал Хятад улсын тухайд өөр нэг асуудал болсон байна гэдгийг ВВС агентлаг мэдээлэлдээ дурджээ.
Ерөнхийдөө, чинээлэг эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ хамгийн сайн сургуульд оруулахын тулд багагүй мөнгө зарцуулахад бэлэн байдаг. Тэдний хувьд сургуулийн эзэмшлийн талбайд үл хөдлөх худалдан авах болсноор үл хөдлөх хөрөнгийн үнийг хэт хөөрөгдөхөд нөлөөлсөн гэж энэ мэдэгдэлд онцолсон байна.
Эх сурвалжаас Н.Лхамсүрэн