ЭНЭТХЭГИЙН КЕРАЛА МУЖИД КОВИДЫН ДАРААХ “MIS-C” ХЭМЭЭХ ХАЛДВАР ДЭГДЖЭЭ

Энэтхэгийн улсын өрнө-өмнөд хэсэгт орших Керала мужид Ковидын дараах хүндрэл болох Олон системийн үрэвсэлт хам шинж буюу “MIS-C” хэмээх халдвар дэгдсэн нь уг мужийн хувьд шинээр санаа зовоосон асуудал болоод байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 5 сарын хугацаанд Керала хотод 4 хүүхэд нас барж, 300 гаруй хүн өвчилжээ.

Мужийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнөөг хүртэл Ковид-19 халдвар авсан мужийн нийт хүн амын 10 хувийг 18-аас доош насны хүүхдүүд эзэлж байгаа бол “MIS-C”-ийн халдвар авсан хүмүүсийн ихэнх нь 15-аас доош насны хүүхдүүд байгаа аж.

Энэ оны гуравдугаар сард Тируванантапурам дахь төрийн өмчит SAT эмнэлэгт энэ өвчин илэрсэн, гэхдээ доктор Падманабха Шеной болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар “Тархай бутархай тохиолдлууд өнгөрсөн онд мөн бүртгэгдсэн боловч сүүлийн хоёр сарын хугацаанд нэмэгдэж байна” хэмээжээ.

Бямба гаригт Кералагийн ерөнхий сайд Пинарайи Вижаян хүүхдүүдэд “MIS-C”-ийн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авахыг эцэг эхчүүдэд анхааруулав. “Энэ бол эмчлэх боломжтой өвчин боловч үүнийг үл тоомсорловол хүндрэл үүснэ” гэж тэрээр хэлэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар “MIS-C” нь хүүхдүүдийн дунд ихэвчлэн тохиолддог, коронавирусээр өвчилж эдгэрснээс хойш 3-4 долоо хоногийн дараа халуурах, ходоод өвдөх, нүд улайх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг “Ковидын дараах өвчин” юм.

Орч. Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...