Greenpeace-ийн Оросын салбарын ойн хөтөлбөрийн дарга Алексей Ярошенкогийн мэдээлснээр өнөө жил тус улсад гараад буй ойн түймэр энэ зууны эхнээс гарсан ойн түймрийн нийт талбайн хэмжээгээр дээд амжилт тогтоожээ. ISDM-Рослесхоз системийн алсын мониторингийн мэдээллээр энэ жил ойн түймэрт 18,2 сая га газар өртсөн аж. “Энэ жил гараад буй ойн түймэр нь гамшиг юм. Үүнээс өмнө ийм их газар өртөж байсан удаагүй” хэмээн А.Ярошенко онцолсон байна. Тэрээр тоон үзүүлэлтэд залуу моддын шатсан газрын хэмжээг оруулаагүйг дурдав. Дашрамд хэлэхэд ийм түймрийн ихэнх нь Сибирийн өмнөд хэсэг, Алс Дорнодын бүс нутгуудад тохиолддог юм.