ОХУ-ЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЙД ЕВГЕНИЙ ЗИНИЧЕВ КИНО ЗУРАГ АВАЛТЫН ҮЕЭР АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр ОХУ-ын Онцгой байдлын сайд Евгений Зиничев Норильск-т болсон сургалтын үеэр нас баржээ. Энэ тухай есдүгээр сарын 8-ны Лхагва гарагт тус Яамны хэвлэлийн албанаас мэдээлэв. “Оросын Онцгой байдлын яам үүргээ гүйцэтгэж байхдаа Хойд туйлын бүсийг онцгой байдлаас хамгаалах, хүний ​​амь насыг аврах хэлтэс хоорондын сургуулилтанд оролцож байсан ОХУ-ын Онцгой байдлын сайд Евгений Зиничев нас барсанд харамсаж байна” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

Уг мэдэгдэлд, кино найруулагч Александр Мельник Норильск-т ирсэн бөгөөд Арктик ба Хойд тэнгисийн маршрутын хөгжилд зориулсан шинэ баримтат киноныхоо зураг авалтын газрыг сонгохоор болжээ.

Дашрамд дурдахад, Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайд Евгений Зиничев дасгал сургуулилтын үеэр нас бараагүй, харин аялал жуулчлалын газруудаар явж байхдаа осолдож нас барсан гэжээ. Сайд Е.Зиничев, кино найруулагч А.Мельник нар лхагва гаригийн өглөө Путоранскийн байгалийн дархан цаазат хүрхрээ рүү явж байх үедээ нас барсан гэж РБК мэдээлэв.

Анхаарал болгоомжгүйн улмаас кино найруулагч А.Мельник хаднаас хальтарч доош унасан ба түүний араас сайд Е.Зиничев үсрэхдээ усан дор байсан чулуунд цохигдон нас барсан байна.

Кино найруулагч Александр Мельник 63 настай. 2015 онд “Газар нутаг” киног найруулж байсан. Энэ бүс нутагт ажиллаж, сайдтай ойрхон байсан гол шалтгаан нь Арктик болон Хойд мөсөн далай дахь Оросын худалдааны замын талаар баримтат нэвтрүүлэг хийж байсан аж. Энэ хүрээнд ярилцлага, кино зураг авч байсан гэж хэвлэлүүдэд бичжээ.

Сайд Евгений Зиничев 55 настай. Тэрээр ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байв. 1987-1991 онд ЗХУ-ын КГБ-д, дараа нь Оросын аюулгүй байдлын албанд алба хааж байжээ. 2006-2015 онд Владимир Путины хувийн хамгаалалтад ажиллаж байв. 2018 оноос Онцгой байдлын яамыг удирдаж эхэлжээ.

Энэ Арктикийн бүс нутгийн долоон мужийг хамарсан иргэний хамгаалалтын сургуулилтанд нийт 6000 орчим хүн, олон техник хэрэгсэл оролцсон нэлээд өргөн хүрээтэй сургуулилт болсон ба энэ кино зураг авалтанд оролцож байсан Онцгой байдлын сайд Евгений Зиничев ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...