Япон улсын баруун өмнөд хэсэгт байрладаг “Нишида Шоун” гэх тээврийн компани ресторан, зоогийн газруудад үлдэгдэл хаягдал болсон рамен шөлийг ашиглан био түлш үйлдвэрлэх болжээ. Уг санаа санамсаргүй байдлаар гарсан байна. 2013 онд газрын тосноос шатахуун авах хэтийн төлөвийн талаар ярилцах арга хэмжээний үед рестораны сүлжээний администраторт хандан хаягдал шөлийг ашиглаж болох эсэх талаар асууж судалжээ. Ингээд тус компанийн тэргүүн Масүми Нишида 2000 орчим ресторанаас рамен шөлний хаягдал худалдан авч, өдөрт 3000 литр био түлш үйлдвэрлэх болжээ.
Рамен гоймонгийн онцлог нь мах эсвэл загасны шөл юм. Хамгийн баян сонголт бол гахайн яс, өөх, мөгөөрсний дээр чанаж болгосон тонкату шөл аж. 74 настай Нишида эдгээр органик бодисуудыг ашиглан өөх тосыг шөлнөөс салгах төхөөрөмж бүтээсэн байна. “Эхэндээ би химийн талаар ямар ч мэдлэггүй байсан. Бүх зүйл, туршилт маань алдаа оноотой байсан. Гэвч байгаль орчны нөхцөл байдал ноцтой байдалд хүрсэн тул миний энэ санаа, бүтээсэн түлш ашигтай болсон юм” хэмээн Нишида ярив.
Ингээд шөлний үлдэгдлээр үйлдвэрлэсэн био түлшээр өөрийн ачааны машинуудыг цэнэглэж эхэлжээ. Тус компани удахгүй өөрийн 170 ачааны машинаа шинээр боловсруулсан шатахуунаар цэнэглэх аж.
Орч. Н.Лхамсүрэн