КОРОНАВИРУСИЙН БҮХ ХУВИЛБАРААС ХАМГААЛДАГ ЭСРЭГ БИЕТ ИЛРҮҮЛЖЭЭ

АНУ-ын Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд мутацид орсон бүх коронавирусийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлжээ. Эрдэмтдийн судалгааг их сургуулийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна.

Эрдэмтэд 43 сорьцыг судалж, “Петрийн аяга” хэмээн нэрлэдэг намхан шилэн, хуванцар цилиндр тавагт “SARS-CoV-2” анхны хувилбарын халдвараас хэрхэн сэргийлж байгаад дүн шинжилгээ хийжээ. Дараа нь хамгийн хүчтэй саармагжуулж байгаа 9 сорьцыг мэрэгч амьтдад туршин, хамгийн үр дүнтэйг нь сонгосон байна.

Энэ нь ‘SARS2-38’ нэртэй эсрэг биет бөгөөд коронавирусийн түгээмэл хувилбар болох альфа, бета, гамма, дельта, каппа, иота болон ховор төрлийн мутацитай тэмцэж чаддаг болох нь тогтоогджээ. Эрдэмтдийн хэлснээр, ‘SARS2-38’ нь өргөс уургийн өөрчлөгддөггүй хэсэгт наалддаг байна. Уг эсрэг биетийн өвөрмөц шинж чанаруудын нэг бол бага концентрацитай үед саармагжуулах өндөр чадвартай аж. Мөн коронавирусийн бүх хувилбарт нөлөөлдөг байна.

Ирээдүйд шинэ мутаци үүсэх эрсдэл байгаа тул бие махбодын дархлааг эмчилгээтэй хослуулан дэмжих үр дүнтэй саармагжуулагч эсрэг биет шаардлагатай хэмээн судлаачид үзэж байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...