Өнгөрсөн долоо хоногт Хятадын коммунист намын 100 жилийн ой тохиож, Тянь Ань Миний талбайд 70 мянган хүн цугларсан ёслолын ажиллагаа болсон. Энэ ёслолын ажиллагаанд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нэг цагийн илтгэл тавьсан юм. Энэ илтгэлд өнгөрсөн хугацаанд Хятадын коммунист нам, хятадын үе үеийн удирдлагуудын хэрэгжүүлсэн хөтөлбөр, Коммунист намын алс хэтийн зорилго гээд олон асуудлыг хөндөж ярьсан.
Энд дурдагдсан бас нэг гол асуудал бол Тайвань улсын асуудал байлаа. Ши Жиньпин “Тайваний асуудлыг бид шийднэ. Хятад улсыг нэгтгэх асуудлыг бүрэн дуусгавар болгох нь Хятадын коммунист намын эрхэм зорилго юм” гэжээ. Ялангуяа Хятадын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн хүчний хүчин чадлыг бэхжүүлж байгаа армийн шинэтгэлд маш их хөрөнгө зарж байгаа ба Хятадын батлан хамгаалах салбарын нийт зардал 200 гаруй тэрбум долларт хүрсэн гэж Барууны судалгааны байгууллагууд хэлдэг.
Тэгэхээр Тайванийг цэргийн хүчээр нэгтгэн, халдан довтлох тухай асуудлаа болзошгүй түрэмгийллээс сэргийлэх шаардлагатай гэдэг өнцгөөс тайлбарладаг.
Энэ асуудлаар өнгөрсөн Даваа гаригт Японы шадар сайд Асо Таро улс төрийн уулзалтын үеэр ярихдаа “Хятадын ардын чөлөөлөх арми, Хятад улс Тайвань руу халдан довтлох юм бол энэ нь ирээдүйд, цаашлаад Японы Окинава аралд халдан довтлох ийм үйл явцыг эхлүүлнэ. Дараагийн бай нь Окинава арал байх болно. Тиймээс Хятад улс Тайвань руу довтлох юм бол Японы зэвсэгт хүчин АНУ-тай хамтраад сөрөн зогсох ёстой” гэсэн утгаар ярьсан байна.
Тайваний асуудлаар байр сууриа илэрхийлэх нь Хятадын “Нэг хятад” гэдэг бодлогод харшилдаг учраас Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр зэмлэн буруутгасан байр сууриа илэрхийлжээ. Хятад улс энэ асуудал дээр ашиг сонирхол, үндэсний нэгдмэл байдлаа тууштай тавина, үүнийхээ төлөө бат зогсоно. Япон, Хятад хоёрын тогтоосон улс төрийн харилцаа, дипломат харилцаанд саад учруулж болох ийм мэдэгдэл хийсэнд тун их харамсаж байна” хэмээн хэлжээ.
Зарим хэвлэлүүдэд “Японы зэвсэгт хүчин бол гадагшаа халдан довтлохгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин болно” гэж Дэлхийн II ялагдсаныхаа дараа Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан. Гэхдээ 2015 онд Абэ Шинзогийн засгийн газар “Хэрвээ холбоотон улс орнуудын зэвсэгт хүчнүүд гадны довтолгоонд өртөх юм бол Япон улс Холбоотнуудаа дэмжиж цэргийн ажиллагаанд оролцох боломжтой” гэдэг хуулийн төслийг оруулж батлуулсан байдаг. Тиймээс ирээдүйд Японы арми Холбоотнуудтайгаа гадаад дахь цэргийн ажиллагаанд оролцох боломжийг нээсэн гэж тайлбарлажээ.
Эх сурвалжаас Н.Лхамсүрэн