АВСТРИЙН БАЛЕТЫН АКАДЕМИ СУРАГЧДАДАА ТАМХИ ТАТАХЫГ УРИАЛСАН НЬ ШАЛГАЛТААР ТОГТООГДЖЭЭ

Австрийн Вена хотод төвтэй Балетын академи сурагчдадаа биеийн жингээ барихын тулд тамхи татахыг уриалсан талаарх мэдээлэл тодорхой хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Тус Академийн хувьд Дэлхийд балетын сургалтаараа тэргүүлэгч томоохон академийн нэг учраас энэ мэдээлэл олон улсын хэмжээнд маш их анхаарал татаж, дан ганц тухайн Академийн тухай асуудал биш, олон улсын Балетын академиудын ерөнхий хөгжилд сургалтын чанар, сургалтын хөтөлбөртэй холбоотой асуудлыг хөндөж эхэллээ.

Энэ хэргийг шалгасан Тусгай комиссын дүгнэлтээр Академийн удирдлагууд сурагчдад тамхи татахыг уриалснаараа нэн түрүүнд хүүхдүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулсан гэж дүгнэсэн байна. Түүнчлэн шалгалтын явцад хүүхдүүдэд сургалт, бэлтгэл, тоглолтын хэт өндөр ачаалал өгдөг болох нь тогтоогдов. Үүгээр зогсохгүй сурагчидтай зүй зохисгүй харьцдаг, тэр дундаа сурагчдыг хувцасны размераар нь дуудаж эвгүй байдалд оруулдаг, олон нийтийн өмнө, бусад хүүхдүүдийн дунд ялгаварлан гадуурхдаг гэх мэдээллүүд энэхүү баримтаар мөн нотлогджээ. Сурагчдыг ялгаварлан гадуурхаж сэтгэлзүйн ноцтой дарамтанд оруулаад зогсохгүй эрүүл мэндэд нь шууд  хор хөнөөл учруулахуйц зүйл хийлгэдэг байсан гэж Комиссын тайланд дурдагдсан байна.

Цахим орчинд энэ мэдээлэл маш том дуулианыг тарьж, цаашлаад Австрийн Засаг захиргааны төвшинд ч маш идэвхтэй хөндөгдөх болов. Австрийн Соёлын сайд Александр Шалленбергийн зүгээс энэ асуудлыг нэн даруй шуурхай шийдвэрлэж, асуудлын үнэн зөвийг олох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөөд байгаа юм байна.

Вена хотод төвтэй Австрийн Үндэсний Балетын Академи нь 1771 онд байгуулагдсан, Европын хэмжээний хамгийн нэр хүндтэй, томоохон академиудын нэгд тооцогддог. Энэ Академийн балетчидын дундаас Лондоны Эзэн хааны Балетын театр, АНУ-ын Нью-Йорк хотын Балетын театр… гэх мэт дэлхийд алдартай томоохон театруудын жүжигчид энэ Академиас төрөн гарсан байдаг.

Гэтэл энэ тайлан гарснаас үүдэлтэйгээр Академийн удирдлагуудаас тодорхой тайлбарыг хийхээс аргагүй байдалд орлоо. Тус Академийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн хугацаанд сурагчдад өгдөг цагийн ачааллаа тодорхой хэмжээнд үе шаттайгаар бууруулснаа мэдэгдэж, харин сүүлд гарсан тайлантай бүрэн дүүрэн танилцсаныхаа дараа тодорхой мэдээллүүдийг өгнө гэх мэдээллийг хийгээд байна.

Ямартаа ч Австрийн Балетын Академийн дуулиан нь дан ганц тухайн академийн сурагчид, тухайн академийн удирдлагуудтай холбоотой биш, Дэлхий дахины бусад балетын томоохон академиудыг шалгах ёстой гэсэн уриалга гаргахад хүргэсэн Дэлхий нийтийг хамарсан томоохон дуулиан болоод байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...