Хуульч О.Алтангэрэл:Сайд асан Б.Батзоригийн асуудал Эрүүгийн хуулиар шийдэгдэх байх,бусад нь Үндсэн хуулийн хүрээнд хариуцлага хүлээх ёстой

Хуульч О.Алтангэрэл:Хэрвээ Цэц дүгнэлт гаргаад,хэрвээ УИХ ЖДҮС-гаас зээл авсан гишүүдээ эгүүлэн татвал түүхэн үйл явдал болно

Жижиг,дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас УИХ,Засгийн газрын гишүүд хамаарал бүхий компаниуддаа зээл авсан асуудалд төвлөрсөн хуульчдын хэлэлцүүлэг өнөөдөр МУИС-ийн Номын санд боллоо.

Хэлэлцүүлэгт хуульч,өмгөөлөгч О.Алтангэрэл оролцож, “Авлига,ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж” сэдвээр илтгэл тавьсан.Тэрбээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-нд ханджээ.

Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь нийт иргэн,улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдлэх төрийн албан хаагч.

Жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 30 саяас 2 тэрбум төгрөг хүртэлх зээлийг 5 жилийн хугацаатай,эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй олгодог нэн хөнгөлөлттэй зээлийг төрийн албан хаагчид буюу УИХ-ын гишүүд авсан нь шударга бус байна. 

Авлигын эсрэг хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг төрийн улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүдэд хориглосон байдаг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын ихэнх нь УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа нь санамсаргүй тохиолдолд биш гэж үзэж байна. Энэ бол яах аргагүй УИХ-ын гишүүдийн албан тушаалын байдалтай шууд холбоотой шударга бус явдал мөн. Энэ утгаараа, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмуудыг зөрчиж байна.

Мөн УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхүүдийг зөрчөөд зогсохгүй, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Түүнчлэн “Хэн нэгэн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, хүссэн зүйлээ бүх нийтээс булаан авч байгаа нийгэмд хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ямар ч боломжгүй, харин ч хууль бус, шударга бус үйлдлийг өөгшүүлэхэд хүргэх хортой” хэмээв.

Энэ бүхнээрээ Жижиг,дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нарын  гишүүд нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдлэн баримтлаагүй  учраас төрийг удирдах хэрэгт сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэн байна. 

Иргэд тэдэнд өөрсдийг нь төлөөлж чадна хэмээн итгэж сонгосон байхад тэдний боломжийг ичгүүргүйгээр булаасан Жижиг,дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийн үндэслэл хангалттай гэж үзэн Цэцэд хандсан байна.

Харин Үндсэн хуулийн цэц өнөө хэр маргаан үүсгээгүй байгаа аж. Хэрвээ Цэц маргаан үүсгэвэл,хэрвээ Цэц Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал,хэрвээ тэр дүгнэлтийг нь УИХ хүлээж аваад нэр бүхий гишүүдээ эгүүлэн татвал Үндсэн хуулийг хамгаалсан,ард иргэдийн ашиг сонирхлыг хангасан,хууль ёс мөрдөгддөг болохыг харуулсан түүхэн үйл явдал болно гэв.

Түүний ярьснааар, Жижиг,дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн тоо 35-д хүрээд байгаа сураг гарчээ.

Нөгөө талаар Жижиг,дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гишүүд Засгийн газрыг дарамталж эхэлсэн гэнэ. 

Яагаад ЖДҮ-гийн асуудал гарсны дараа Улсын бүртгэлийн хуулиар бүртгэл ил болсон юм,тэр мэдээллүүдийг цахим хэлбэрээр олон нийтэд мэдээлэх цаг нь мөн байсан уу, одоо энэ хүмүүстэй хариуцлага тооцьё.Хэвлэл мэдээллэл,цахим хэлбэрээр гарч байгаа мэдээллүүдээр бие биеэ буруутгаж нам дотроо ярихаа больё,энэ асуудлыг аль болох дараад өнгөрөөе гэх мэтээр ярьж байгааг хуульч О.Алтангэрэл хэллээ.

Мөн хуульчид ийм бодитой асуудлыг хэрхэх талаар хуульчид   гарц гаргаж харахад Үндсэн хуулийнхаа хүрээнд л шийдвэрлэх нь хамгийн бодит гарц гэж үзэж буйг хэллээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн асуудал л зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх байх,бусдыг нь Үндсэн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой гэв.

Т.Үлэмж

Сэтгэгдэл
Уншиж байна...