ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ 2020 ОНООС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

Ирэх оны 1-р сарын 1-нээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлт орсон нь хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, хүүхдээ 3 нас хүртэлх хугацаанд асрах, ажлын чөлөөтэй эхчүүдийн НД-ын шимтгэлийг төлөх, сайн дурын хэлбэрээр НД-д даатгуулсан эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг уг хуульд тусгаж өгсөн байна.

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлсний 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцохоор болов. НД-д даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлвөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдсэн 50 хувийг төрөөс төлөхөөр мөн тусгасан байна.

НД-ын Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж: “Албан журмын даатгуулагч, сайн дурын даатгуулагчаас гадна огт НДШ төлөөгүй ийм ээжүүдийн хувьд, эсвэл НДС-гаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй даатгуулагчдын 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн хувьд төлөх ёстой шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлчих юм бол үлдэгдэл 50 хувийг нь улсын төсвөөс төлж өгөхөөр болж, энэ хууль ирэх оноос эхэлж хэрэгжих гэж байна” гэв.  

Хуулиар тогтоосон нөхцөл болзлыг хангасан даатгуулагч эхэд хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эхийн шимтгэл төлсөн хугацааг хүүхэд бүрт 1.5 жилээр нэмэгдүүлэх зохицуулалтыг хийхээр болжээ. Төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл нь өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг мөн нэмж тооцохоор болжээ.

НД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатар хэлэхдээ “Хүүхэд төрүүлсэн хүүхдийн тоо болгоноор 1.6 жил нэмэх нь байна ш дээ. Тэгэхээр 6 хүүхэд төрүүлсэн эх байлаа гэхэд 10-аад жил хий нэмүүлэх нь байна. Хүн амаа өсгөх төрийн бодлого бол тусдаа байх ёстой. Олон хүүхэдтэй эхчүүдээ урамшуулах хэрэгтэй, хүн амаа өсгөх хэрэгтэй байна. Тиймээс энэ бол зөв бодлого. Улс гэж байдаг л бол улсын төсвөөс эхчүүдэд зориулж мөнгө гаргах хэрэгтэй л дээ. Үүнийгээ Даатгалын сан дээр нөхөн төлсөн шимтгэл дээр нь ажилласан хугацаа энэ тэрийг нь шимтгэл төлснөөр тооцоод явахаар нөгөө Даатгалын санд чинь зүй бус зардал нэмэгдэж байгаа асуудлууд байхгүй юу” хэмээв.

Төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн эх 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгох, улсад 27 жил ажилласан эмэгтэйчүүд өөрөө хүсвэл нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг.

Энэхүү хөнгөлттэй нөхцөлөөр өнөөдөр 21.2 мянган хүн өндөр настны тэтгэвэр авдгаас 14.4 мянга буюу 67.9 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3.8 мянга буюу 17.9 хувь нь 27 жил ажиллан, нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд 12.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа юм.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...