ЭНЭ ЖИЛИЙН “АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУ ТИЙМ Ч СОНИРХОЛТОЙ БАЙЖ ЧАДСАНГҮЙ

“Монгол HD” телевиз “Авьяаслаг Монголчууд” шоуг 3 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Телевизийн салбарын шоу нэвтрүүлгүүдээс хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн шагналын сантай гэдгээрээ уг шоу онцлогтой юм. Энэ утгаараа шоуг зохион байгуулах зардал ч өндөр байгаа нь мэдээж.

Энэхүү шоуны хамгийн чухал хүмүүс бол яах аргагүй шоуны шүүгчид юм. Мөн үзэгчдийг баясгаж, үргэлж тэдний талд бат найдвартай зогсдог хөтлөгчгүйгээр энэ шоуг төсөөлөхийн аргагүй. Энэ жилийн шоуны хөтлөгч Б.Мандуул “ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр өөрийнхөөрөө, хөгжилтэй сайхан хөтөллөө. Ганцаараа үзэгчдийн сэтгэлд хүртэл шоуг хөтөлнө гэдэг тийм ч амар биш нь ойлгомжтой.

Харин шүүгчдийн хувьд Рокит Бэй шүүгчээс бусад нь сэтгэлд хүрсэнгүй, арай л дэндүү гэмээр “уйланхай” байлаа. Ариунбаатар шүүгч ч гэсэн эр хүн гэлтгүй хэд хэдэн удаа нулимс унагаж харагдсан. Гадаадын шоу нэвтрүүлгүүд дээр эмэгтэй шүүгчид ганц нэг нулимс унагаж л харагддаг. Тэглээ гээд гадаадын шүүгчдийг дуурайж байнга нулимс унагаад байх нь тийм ч сонин бус, худлаа харагдаж байлаа. Ялангуяа Анужин шүүгч 8 оролцогчийн, илбэчний шалгаруулалт дээр арай дэндүү “жүжиглэчихлээ”. Миний бодлоор тэр илбийн хөтөлбөр дээр уйлаад байх юм байхгүй л харагдсан, сайхан инээж байгаад л оролцож болохоор. Гэтэл Анужин шүүгч “монгол”, “ээж” гэдэг үг сонсохоороо л уйлаад байдаг хүн үү дээ. Дэндүү уйтгартай санагдсан, ямар “хүмүүнлэгийн шоу”-нд оролцож байгаа биш дээ. Ингэж хэтэрхий хэлбийлгээд байх нь шоугаа ч сонирхолгүй болгож байна.

Шоунд шалгарагсдаас илбэчин С.Билэгт, бөмбөрчин Б.Дуулал, хөгжмийн гайхамшгийг үзүүлсэн Б.Нарандэлгэр нараас бусад нь байнга л үзэж байдаг үзүүлбэрүүд байлаа. Шүүгчид тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр үзүүлбэрүүдийг дүгнэх нь өрөөсгөл юм. Харин уг шоуг дэлхийн хэмжээний гэдэг утгаар нь “томоор сэтгэж” харьцуулалт хийж шүүсэн бол дээр байлаа. Байдаг л нэг номер дээр “юм үзээгүй юм шиг” хөөрөөд байх нь шоуг сонирхолгүй болгож байна.

Цаашдаа шүүгчдийн багийг олон талаас нь шүүж чадах чадварлаг шүүгчдээр бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж байж л жинхэнэ “авьяаслаг монгол” тодрох буй за.

Шүүгчдийн дургүйг хүргэсэн бол хүлцэл өчье.

Сэтгүүлч Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...