НЭР МУНДСАН АЯТАЙ АЙМАГ, СУМДЫН НЭР НЭЛЭЭД ДАВХАЦЖЭЭ

Аливаа газар орны нэр тодорхой утга учрыг агуулсан байдаг болов уу. Гэвч зарим нэр олон давтагдах нь будилж самуурахад хүргэж байна.

Ази тивийн хойморт оршдог Монгол орон 1 нийслэл, 21 аймаг, 330 сумтай. Нийслэлийг Улаанбаатар, аймгуудыг Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь гэнэ.

Улаанбаатарын нэрийг хувьсгалын улаан баатар гэсэн утгаар өгсөн бол гол нуурын нэрээр Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, Завхан, Орхон, Ховд аймгуудыг, Уул хайрханы нэрээр Хэнтий, Булган, Дархан, Говьсүмбэр, Говь-Алтай аймгуудыг нэрлэжээ.

Хүний нэрээр Сүхбаатар, зүг чигээр Төв, Дорнод, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгуудыг нэрлэсэн бол тал хөндийн нэрээр Баянхонгор, Баян-Өлгий аймгуудыг нэрлэжээ. Сонирхолтой нь Увс аймагт гурван аймгийн нэртэй сум байдаг нь Завхан, Ховд, Өмнөговь юм.

Ховд аймагт нэг аймгийн нэртэй сум буй нь Ховд бол Дорноговь аймагт Хөвсгөл аймгийн нэртэй сум, Сэлэнгэ аймагт Сүхбаатар аймгийн нэртэй сум нэжгээд бий. Булган аймгийн нэртэй сум Архангай, Дорнод, Өмнөговь, Ховд аймагт байдаг бол Орхон аймгийн нэртэй сум Булган, Сэлэнгэ аймагт, Сүхбаатар аймгийн нэртэй сум Сэлэнгэ ба Сүхбаатар аймагт байгаа болой.

Манай оронд 330 сум байдгаас зарим сумын нэр бусад аймагт давхардаж орсон нь бий. Тухайлбал хамгийн олон давхардсан сумын нэр нь Жаргалант агаад Архангай, Төв, Хөвсгөл, Орхон, Баянхонгор байгаа бол Булган хэмээх нэртэй сум дөрвөн аймагт давхардсан нь Ховд, Архангай, Дорнод, Өмнөговь болно.

Баян-Уул гэдэг нэртэй сум Говь-Алтай, Дорнодод байдаг бол Мөрөн гэдэг нэртэй сум Хэнтий, Хөвсгөл хоёрт л байна. Сэргэлэн гэдэг нэртэй сум Дорнод, Төв аймагт буй бол Богд нэртэй сум Өвөрхангай, Баянхонгорт байна. Дархан нэртэй сум Дархан-Уул, Хэнтийд буй бол Эрдэнэ нэртэй сум Дорноговь, Говь-Алтайд, Чандмань нэртэй сум Ховд ба Говь-Алтайд байдаг. Төгрөг нэртэй сум Өвөрхангай, Говь-Алтайд байгаа бол Өлзийт гэдэг нэртэй сум Архангай, Дундговьд, Алтай гэдэг нэртэй сум Ховд ба Говь-Алтай аймагт байна.

Сүхбаатар гэсэн нэртэй сум бас л хоёр аймагт байгаа нь Сэлэнгэ ба Сүхбаатар. Тэс хэмээх нэртэй сум бас хоёр аймагт буй нь Увс ба Завхан аж. Тэрчлэн Бугат гэдэг нэртэй сум Говь-Алтай ба Булган аймагт байгаа бол Ховд гэсэн нэртэй сум Увс ба Ховдод байна. Орхон гэдэг нэртэй сум Булган ба Сэлэнгэ аймагт буй бол Цээл хэмээх нэртэй сум Төв болон Говь-Алтайд байна. Мөн Тосонцэнгэл гэдэг нэртэй сум хоёр аймагт байдаг нь Завхан ба Хөвсгөл аймаг ажээ.

Аймгуудаас аймгийнхаа төв хоттой ижил нэртэй гурван аймаг байгаа нь Булган, Ховд, Баянхонгор бөгөөд Баян-Өлгий аймгийн төвийг Өлгий гэнэ. Орхон аймгийн төв Эрдэнэт, Дорнод аймгийн төв Чойбалсан, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Хэнтий аймгийнх Чингис, Дорноговь аймгийн Сайншанд, Дундговь  аймгийн Мандалговь, Өмнөговь аймгийнх Даланзадгад, Сэлэнгэ аймгийнх Сүхбаатар, Говьсүмбэр аймгийнх Чойр, Дархан-Уулынх Дархан, Төв аймгийнх Зуунмод, Хөвсгөлийнх Мөрөн, Өвөрхангайнх Арвайхээр, Архангайнх Цэцэрлэг, Увс аймгийн төвийг Улаангом, Завхан аймгийнх Улиастай гэдэг байна.

Хүний нэрээр нэрлэгдсэн аймаг цор ганцхан буй нь Сүхбаатар бол хүний нэрээр овоглосон аймгийн төв гурав байдаг нь Чингис, Чойбалсан, Сүхбаатар ажээ. Аймгуудаас хамгийн их хүн амтай нь Хөвсгөл бол хамгийн уудам газар нутагтай нь Өмнөговь юм. Хамгийн жижигхэн нутаг дэвсгэртэй нь Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул аймгууд ба хамгийн олон үндэстэн ястан оршдог нь Ховд аймаг ажээ.

Их дайны хөл үймсэн аймаг нь Дорнод, байлдаан самууны хөлд дайрагдсан Баян-Өлгий, Ховд бол ардын хувьсгалын өлгий нутаг нь Сэлэнгэ болно. Харин Булган аймгийг анхдагчдын нутаг гэх бөгөөд ууган хөдөлмөрийн баатар уурхайчин Даваажав, хоньчин Очир, ууган сансрын нисгэгч Гүррагчаа, анхны олимпын аварга Түвшинбаяр, анхны дархан аварга Түвдэндорж гээд үргэлжилнэ.

Хурдан хүлгээрээ зартай нь Хэнтий аймаг аваас хүчит бөхчүүдээрээ Архангай, Төв, Увс, Хөвсгөл аймгууд алдартай. Сүүлийн 100 жилд хорь гаранхан аварга төрснөөс Архангайд тав (“буур” Н.Жамьяан, Г.Вандан, Ц.Чимэд-Очир, Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба), аварга тодорсны нэг нь дархан аварга, хоёр нь даян аварга, хоёр нь аварга юм.

Увс аймаг дөрвөн аваргатай (Х.Баянмөнх, О.Балжинням, С.Мөнхбат, И.Батсуурь) ба нэг дархан аварга, гурван аваргатай бол Хөвсгөл, Төв тус бүр гурван аваргатай. Үүнд хоёр дархан аваргатай (Ж.Мөнхбат, А.Сүхбат), нэг аваргатай (Д.Хадбаатар) Төв аймаг, нэг дархан аваргатай (Д.Дамдин), хоёр аваргатай (Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин), Хөвсгөл аймгууд шил даран жагсаж байна. Араас нь хоёр аваргатай Өвөрхангай, Хэнтий гээд өсгий дарж байгаа юм.

Зүг чигээр нэрлэгдсэн долоон аймаг байгаа ба тэднийг Дундговь гэхийн оронд Равжаа хутагтын нэрээр Равжаа аймаг, Төв аймгийг их аваргын нэрээр Мөнхбат аймаг гэх мэтээр нэрлэхэд болохгүй юм байхгүй. Дорнод аймгийг зүг чигээр зааж нэрлэхийн оронд шууд Чойбалсан аймаг гэхэд болохгүй нь юу билээ. Дундговь аймгийг алдартай уртын дуучийн нэрээр Норовбанзад аймаг гээд нэрлэвэл эсэргүүцэх хүмүүс гарах уу. Алдартан цуутан, уул ус нь дутсан буюу чамласан юм шиг Өмнөговь, Дорноговь, Дорнод, Төв, Өвөрхангай гэж нэрлэх нь тааламжтай бус ажаам.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...