ГАР УТАС БОЛОН АВТОМАШИНЫ АЗЫН ДУГААРЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ

Монгол улсад албан ёсны бүртгэлтэй 4 сая орчим гар утасны дугаар байдаг. Үүнээс 60.000 нь зах зээл дээр өндөр үнээр борлуулагдаж, зах зээлийн эргэлтэнд ордог. Азын дугаар болох 9911, 8811-тэй дугаарын ханш өдөр тутмаар өссөж байна. Гар утасны 9911-тэй 10.000 дугаар байдаг ба өнөөдрийн зах зээлийн ханш 70 сая төгрөгт хүрч борлуулагдсан аж.

Хамгийн үнэтэй дугаар бол 9911-тэй дугаар байна. Unegui.mn сайтаас хайлт хийж үзэхэд 60-140 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Харин 8811-тэй дугаар 17-20 сая, 9999-тэй дугаар 8-10 саяар борлуулагдах зар тус вебсайтын хуудаснаа байршсан байна. Эндээс харахад 2019 онд 9911-тэй дугаарыг иргэн 40 саяар худалдаж авсан байхад ердөө 3 жилийн дараа энэ ханш хамгийн багадаа 60-70 саяд хүрч өссөн байгаа нь азын дугаарын үнэ маш өндөр үнэлгээтэй, үнэ цэнэтэй зүйл болжээ.

“Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, шинжээч Ч.Эрдэнэдалай хэлэхдээ “9911-тэй дугаар анхандаа үнэгүй байсан. Ингээд 25 жилийн дараа харахад 9911 дугаар зах зээл дээр байнга тогтвортой өссөөр ирсэн. Энэ хугацаанд ганц хоёр жил бага зэрэг зарцсан, уналтанд орсон үе байсан ч маш хурдан сэргэсэн. Эдийн засаг сэргэнгүүт өссөн, өнөөдрийн байдлаар 70 саяд хүрч, бараг 1-2 өрөө байрны мөнгөний хэмжээнд хүрсэн дижитал хөрөнгө болчихоод байна” гэв.

Тэгвэл 9911 дугаарыг түрээслэх үйлчилгээ саяхан Монгол улсын зах зээлд нэвтэрсэн байна. Тодруулбал, энэ төрлийн дугаарыг нэг сарын дотор 1 сая төгрөгөөр түрээслүүлж эхэлжээ. Цаашдаа ч энэ дугаарын үнэлгээ өсөх тренд ажиглагдаж байгааг онцолж байна.

Мөн Барьцаалан зээлдүүлэх санхүүгийн байгууллагууд 9911, 8811 дугаарыг барьцаалж зээл олгодог болсон. Эдгээр дугаарыг барьцаалж анх 6-8 сая төгрөгийн зээл олгодог байсан бол өнөөгийн 70 саяд хүрээд байгаа энэ нөхцөлд дунджаар 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгодог болжээ.

Зөвхөн Монгол улсад азын дугаар үнэтэй байдаггүй юм байна. Олон улсад ч үнэтэй худалдаалагддаг маш олон дугаар байдаг. Сонирхуулвал, Хонконг улсад 28 гэдэг дугаар 2.3 сая ам.доллараар зарагдсан. 28 дугаар нь тухайн улсад “амархан баяжих”, “амархан хөгжин цэцэглэх” гэсэн утгатай гэж хонконгчууд итгэдэг байна. Тэгвэл Их Британид 1 гэсэн дугаарыг 7.2 сая доллараар арабын нэгэн баян худалдаж авч байжээ. Мөн 2008 онд Их Британид Феррари-250 загварын автомашинд “25о” гэсэн дугаарыг 518 мянган доллараар худалдан авч байсан байна. Энэ нь манайд байдаг “570” машинд 05-70 УБХ дугаар авахтай ижил сонирхол байна. Харин Хятадад 8888 дугаар хамгийн өндөр үнэтэй борлуулагддаг аж. Ийнхүү олон улсад тухайн улсын бэлгэдэл болсон тоонуудыг өндрөөр үнэлэх, худалдаж авах, арилжаалагдах үнэ цэнэ бүхий хөрөнгө оруулалт болж харагдаж байна.

Түүнчлэн Монгол улс автомашины дугаарыг албан ёсоор дуудлага худалдаагаар борлуулж эхэлснээс хойш 2 тэрбум төгрөгийг “Хүүхдийн төлөө сан”-д хандивласан байдаг. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 10 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулсан. Нийтдээ 4 төрлийн сери шинээр задарч, 1548 дугаар гарсны 1126 дугаар худалдаалагдсан байна. Онлайн дуудлага худалдаанд давхардсан тоогоор 5000 иргэн бүртгүүлж, үнэ хаялцаж оролцжээ.

Автомашины дугаар дээр 7777 УХХ дугаар 45.200.000₮-өөр зарагдсан нь хамгийн өндөр үнэлгээтэй байсан бол хамгийн бага үнэлгээтэй, олон борлуулагдсан дугаар 1331 УХХ, 3223 УХХ, 4422 УХХ дугаарууд 100.000₮-ийн үнэлгээтэй зарагдаж байжээ. Дунджаар 1 улсын азын дугаарыг 500-аас 1 сая төгрөгийн үнэлгээтэйгээр зах зээл дээр худалдаалан авч байна гэсэн статистик мэдээ байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...