ИРГЭДИЙН ДУНД “ӨВДЧИХ ВИЙ” ГЭХ АЙДАС ҮГҮЙ БОЛЖЭЭ

Манай улсад “Ковид-19”-ийн Дельта хувилбар бүртгэгдсэнээс хойш нийт шинжилгээний 30 хувийг эзлээд байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Уг хувилбар нь халдвар тараах магадлал өндөр бөгөөд эсийн дотор орж, эмгэгшүүлж гэмтээдэг. Түүнчлэн өвдөөд эдгэрсэн хүн ч дахин тусах магадлалтай. Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс мутацид орсон хувилбараар дахин өвчлөх эрсдэлтэйг Олон улсын судалгаа харуулж байгаа”-г анхааруулсан.

Гэтэл иргэдийн дунд амны хаалт зүүж, ариун цэврийн дэглэм мөрдөх нь цөөрсөөр байна. Зах худалдааны төвүүд дээр тэрэг түрж, тортой хүнс барьсан хүмүүс энд тэндгүй холхих бөгөөд хаа сайгүй халамцаж хөлчүүрхсэн эрчүүд үзэгдэнэ. Түүнчлэн бага насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүйгээр дагуулж яваа хүн ч олон байна.

Худалдаа эрхлэгчид болон үйлчилгээний байгууллагын албан хаагчид халдвараас өөрийгөө болоод үйлчлүүлэгчээ хамгаалах үүргээ ор тас мартсан бололтой. Худалдан авагчид амны хаалт зүүж, мэр сэр бээлий өмсөж, ариутгагч хэрэглэн явж байхад харин худалдаа эрхлэгчид амны хаалтаа эрүүндээ зүүж, лангууныхаа ард хооллох бөгөөд айраг, тарвас, жимс гэх мэт гадна талбай дахь худалдаа эрхлэгчид амталгаа явуулж, худалдаа хийнэ. Тэд “Бид вакцинаа хийлгэчихсэн. Тиймээс дархлаа тогтсон гэж найдаж байгаа. Тогтоогүй байсан ч ажлаа хийж, амьдралаа залгуулахаас өөр арга алга. Хүмүүс хөл хорионы улмаас багагүй хохирол амссан. Тиймээс одоо халдвар яриад, гар хумиад суух боломж үнэхээр алга” гэх…

Коронавирусийн халдварын үеийг хохирол багатай давж гарахын тулд хүн нэг бүрийн хариуцлага чухал билээ. Тиймээс дахин хөлөө хориулж, хөрөнгөө тушуулж, хайртай хэн нэгнээ эрсдэлд оруулахгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь хүн нэг бүрийн үүрэг хариуцлага, ухамсар гэдгийг дахин нэг сануулахад илүүдэхгүй биз ээ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг дээ.

Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...