Өчигдөр Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны зөвшөөрлөөр Унгар улсын нийслэл Будапешт хотод Хятадын Фудань их сургуулийн хотхон байгуулах шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэн олон мянган хүн оролцсон жагсаал болсон байна. “Хятадын их сургуулийг Будапешт хотод байрлуулна гэдэг нь Хятадын нөлөө орно гэсэн үг. Хятадын коммунист нам, Хятадын засгийн газрын нөлөө манай боловсрол болон улс төрд орно” хэмээн энэ шийдвэрийг эсэргүүцсэн жагсагчид үзэж байна.
Хэрвээ энэ хотхон баригдах юм бол Европын холбооны улс орон болон Европ тив дэх Хятадын анхны сургууль болох юм байна.
Хятадын Фудань их сургууль 1905 онд байгуулагдсан, Шанхай хотод байрладаг, Хятадын хамгийн нэр хүндтэй улсын сургуулиудын нэг. Энэ сургуульд хамгийн сурлага сайтай, шилдэг оюутнуудыг суралцуулдаг ба оюутан сурагчдыг элсүүлэх шалгавар маш өндөр байдаг байна.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан бол Европын нөлөө бүхий удирдагчдын нэг. Барууны томоохон хэвлэлүүдэд Виктор Орбаныг үндсэрхэг, хэт барууны үзэлтэн гэж буруутгадаг. Харин зарим хэвлэлүүдэд Виктор Орбаныг маш прагматик, ухаантай удирдагч гэж бичиж байна. Виктор Орбаны хувьд заавал Европын холбоо, Брюсселийн шийдвэрийг дагахын оронд цагаачлалын асуудал, хилийн хяналтын асуудлаар маш хатуу байр суурьтай байсан. “Унгарын нийгэм олон тооны цагаач, дүрвэгсдийг хүлээн авах ямар ч боломж байхгүй. Тийм учраас бид хилээ хааж байна” гэсэн шийдвэрийг гаргаж байв.
Түүнээс гадна коронавируст цар тахлын үеэр Виктор Орбаны засгийн газар Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн голдуу вакцинуудыг авахын оронд Хятад, Оросын вакцинуудыг бүр 1, 2-р сараас эхлээд захиалаад авчээ. Энэ асуудал дээр ч түүнийг нэлээд прагматик байр суурьтай гэж үзэж байна. Ялангуяа Хятад болон Оросын засгийн газартай нэлээд сайн харилцаатай, ямар нэг асуудлаар хурц ширүүн асуудал үүсэхээс зайлсхийсдэг ийм улс төрч юм байна.
Тэгэхээр Фудань их сургуулийн хотхон 1 тэрбум 800 сая орчим доллараар баригдах гэнэ. Үүний 1 тэрбум 500 сая долларыг Хятадын зээлээр санхүүжүүлнэ, үлдсэнийг нь Унгарын талаас гаргана. Нэг талаасаа Европын холбооны боловсролын салбарт Хятадын их сургууль орох боломжийг нээж байна. Нөгөө талаасаа Хятадын нөлөө хэтэрхий орж ирж байна гэж сөрөг хүчний намууд, ард иргэд нэлээд эсэргүүцэж байгаа юм байна. Хэрэв энэ сургууль баригдаад дуусах юм бол 2024 онд ашиглалтанд орох аж.
Энэ асуудалтай холбоотой сонирхолтой зүйл болсон нь, Будапешт хотын захирагчаар Ногоон намын гишүүн Гергей Корачонь гэдэг хүн ажилладаг. Энэ хүн Фудань их сургуулийн хотхон баригдахыг эсэргүүцээд, уг хотхон баригдах ойр хавийнх нь эргэн тойрон дахь гудамж, талбайг Хятадын эсрэг нэрээр нэрлэсэн байна. Жишээ нь: “Далай ламын гудамж”, “Чөлөөт Хонконгийн зам”, “Уйгарын баатруудын зам” гэх мэтээр. Шинжаан, Түвд, Хонконг гэх Хятадын хамгийн эмзэг бөгөөд дотоод дахь улс төрийн асуудлуудыг нь хөндөж ийм нэрээр нэрлэсэн аж. Энэ бол “Бид Фудань их сургууль, ерөнхий сайд Виктор Орбан болон Хятадын ойр дотно харилцааг эсэргүүцэж байгаа юм” гэж тайлбарлажээ.
Эх сурвалжаас Н.Лхамсүрэн