УИХ-ын 2021 оны 6-р сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан юм.
Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ. Тус арга хэмжээний хүрээнд,
– Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах;
– Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах.
Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар хүсэлтээ 7-р сарын 31-ний өдрийн дотор харилцагч банкинд өөрийн боломжит цахим хэлбэрээр эсвэл банканд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой аж.
Эх сурвалжаас Н.Лхамаа