Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Өршөөлийн тухай хууль”-ийн төслийг хаалттай хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Сайд Нямбаатар “Зургадугаар сарын 24-ний байдлаар өнөөдөр хорих ангид ял эдэлж байгаа 4154 хоригдол, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан 4529 буюу нийтдээ 9987 ялтан байна. 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллага 95 хувийг нь шийдээд байна. 6.154.933 удаагийн зөрчлөөр нийтдээ 168 тэрбум төгрөгийн торгууль тавигдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй 73 тэрбум төгрөг байна. Энэ хууль батлагдсанаар нийтдээ 150 хоригдол эхний ээлжинд ялаас бүрэн чөлөөлөгдөнө. 374 хоригдлын хорих ялыг “зорчих эрхийг хязгаарлах” ялаар солих боломж бүрдэнэ. 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасна. Энэ хоёр жилийг хасаад хэдэн хүн нь магадлангаар суллагдахыг бид мэдэхгүй. Шүүх магадлан хийнэ. Өсвөр насны 25 хүн суллагдана. Нийтдээ 1013 хүн хамрагдаж байгаа. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын арга хэмжээ авагдсан 3915 хүн энэ өршөөлд хамрагдана гэж үзэж байна” гэлээ.
Тэрээр “Энэ Өршөөлийн хууль нь өмнөх Өршөөлийн хуулиудаас нэлээн хүрээ хязгаарыг нь хумьсан. Яагаад гэвэл, албан тушаалын хэргүүд энд хамаарахгүй, 22-р бүлэг бүхэлдээ энэ өршөөлд хамраагүй. ФАТФ-ын зөвлөмжийн дагуу эдийн засгийн суурьтай гэмт хэргүүд мөн өршөөлд хамрагдаагүй байгаа. Байгаль орчин, хүрээлэн байгаа орчны гэмт хэргүүд бас энд хамрагдахгүй. Энэ удаагийн Өршөөлийн хуулиар нийт ялтны 16.7 хувь нь энэ өршөөлд хамрагдаж байгаа”-г хэлэв.
Дашрамд дурдахад, хоёр жилээ хасуулах хоригдлын дунд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдүүд ч багтаж байгаа аж.
Эх сурвалжаас Н.Лхамсүрэн