Өнөөдрийн Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанд Наадмын комиссоос Үндэсний баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотой асуудлыг тавьсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Улсын баяр наадмыг Нийслэл хотдоо тэмдэглэнэ. Тэмдэглэхдээ хугацаанд нь, үзэгчгүйгээр зохион байгуулна гэсэн энэ шийдвэр хэвээрээ байгаа. Харин орон нутагт аймаг, сумдын наадамтай холбоотой асуудлыг хязгаарласан байсныг зарим сайд нар санал гаргаснаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайдын зүгээс болон УОК-ын дарга, шадар сайдын зүгээс “Өвчний нөхцөл байдлыг харна, тохиолдлын тоо мэдээллээ харна. Нөхцөл байдал хэрвээ дээрдэх буюу өвчний тохиолдлын тоо буурах юм бол долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангая. Ингэхдээ зөвхөн УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараагаар аймаг, сумдын наадмыг зохион байгуулах боломжоор хангана” гэсэн чиглэлийг өгсөн байна.
Гэхдээ долдугаар сарын 20-ноос хойш бүх аймаг, орон нутгийн наадам зохион байгуулагдана гэсэн үг биш юм. 1-д, өвчний нөхцөл байдал; 2-т, тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээг хийсний дараа энэ боломжоор хангах ийм чиглэлийг өгсөн байна.
Эх сурвалжаас Н.Лхамсүрэн