Г.Дарханбат: Кино урлагт хөл тавихад гараас минь хөтөлсөн Аси багшийгаа их санаж байна

БСШУСЯ-ны захиалгаар багш нарын баярт зориулан “Багш” уран сайхны кино хийжээ. Тус киноны нээлтийг Монголын багш нарын баярын өдөрт зориулан өнөөдөр хийхээр болжээ. “Багш” киноны ерөнхий найруулагч, жүжигчин Г.Дарханбаттай ярилцлаа.

-“Багш” кинонд ямар уран бүтээлчид ажилласан бэ?

-Манай киноны гол дүрд гавьяат жүжигчин Б.Базаррагчаа тоглосон. Мөн Эрдэнэт хотын театрын уран бүтээлчид Кино урлагийн дээд сургуулийн оюутан оролцон тоглосон байгаа. “Багш” киног “Twins film” студи хийсэн. Өмнө нь манай студи “Хархны өгөөш”, “Хунгийн сүүлчийн дуу”, “Би ээж болмоор байна” гэх зэрэг уран сайхны кино хийж байлаа. Энэ бол бидний зургаа дахь уран сайхны кино. Киноны зураг авалтыг Эрдэнэт хотод авсан. Багш нарын баярт зориулж, өнөөдөр “Корпорэйт конвейшн центр”-т нээлтээ хийнэ. Ирэх долоо хоногоос телевизүүдээр цацах болно. Ашгийн бус кино болохоор аль болох олон үзэгчид үзүүлэхийг бид хүсч байна. Ирэх даваа гарагт МҮОНТ болон Монгол HD телевизээр гарна. Цаг нь одоохондоо тодорхойгүй байна. Кино нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүрэлцэн ирэх болно. Боловсролын салбарынханд киногоо үзүүлэхэд их сайхан хүлээж авсан.

-Киноны зохиол хэрхэн гарсан бэ. Бодит амьдралаас сэдэвлэсэн үү?

-Кино зохиолыг Э.Чинзориг, Г.Дарханбаяр миний бие нар хамтран бичсэн. Багшийн тухай кино хийх санааг 2015 онд бид хоёрт төрсөн. Тухайн үед бид талийгч Р.Алтансүх буюу Аси багштайгаа хамтран “Такси 1” уран сайхны киног хийж, нээлтээ хийж байсан. Нээлтээ хийсэн 2015 оны есдүгээр сарын 4-нд багш минь бурхны оронд заларсан. Тэр үед бид  багшийн тухай сайхан кино хийхээр шийдсэн. Ингэж бодож явсаар кино зохиолоо гаргаж, одоо уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах болсондоо баяртай байна. “Багш” кинонд социализмын үеийн болон шинэ цагийн багш нарын хоорондын ялгаа амьдралын зөрүү зэргийг бодитоор харуулна. Одооны залуу багш нар үзэхэд их үлгэр дууриал авах болно. Мөн багш гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг харж болно. Манай киног үзээд зарим хүн миний багш ийм хүн байсан шүү гэж дурсан санах бол зарим нь багш гэж ийм хүн байх ёстой гэсэн ухаарал авах болов уу.

-Багш нарын баяр тохиож байна. Багштай холбоотой сэтгэлд үлдсэн дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцана уу?

-Өвөө минь монгол хэл, уран зохиолын багш байлаа. Тиймээс кинондоо монгол хэл, соёл зан заншлыг тусгахыг хичээсэн. Багш нарын баяраар “Шинэ үсгийн багш”, “Түмний нэг” гэсэн кинонууд гардаг. Одоо манай киног жил бүрийн багш нарын баяраар үздэг болно гэдэгт итгэж байна. Тийм хэмжээний чанартай сайн уран бүтээл хийж чадсан гэдэгтээ бид итгэлтэй байна.

Бид одоо гуч гарч байна. бидэнд А үсэг заасан багш минь 80 гарсан буурай бий. Одоо ч бидэнтэй утсаар ярьж холбогддог. Бид багадаа их дүрсгүй байлаа. Ер нь дүрсгүй хүүхдүүдтэй багш нар илүү санаа тавьж хайрладаг юм шиг санагддаг. Мөн яг энэ цаг мөчид биднийг кино урлагт хөл тавихад хөтлөн оруулсан Аси багшийгаа их санаж байна. багштайгаа их дотно байсан. Багш нэг удаа “Энэ хоёр нэг болохоор миний шавь юм шиг заримдаа найз нөхөр шиг байх юм. Яг аль нь юм бол” гэж байлаа. Үе үеийн багш нарт киногоороо дамжуулан хөшөө босгож байгаадаа баяртай байна.

-Киноны дууны клипийг өчигдөрхөн цацлаа. Олон хүний стэгэлд хүрч байх шиг байна?

-Бид ч дуундаа сэтгэл хангалуун байгаа. Дууг зохиосон уран бүтээлчид болох “Brothers” хамтлагийн Д.Баясгаланд “Хамгийн сайн хайртай багшаа бодоод хийгээрэй” гэж хэлсэн. Үүний дагуу уран бүтээлчид маань их сайн ажиллаж, сайхан уран бүтээл гаргасан. Үнэхээр сайхан үг аятай дуу болсон. Дуунд

Зүүд мөрөөдлийг минь сэтгэлд ургуулсан

Зүйрлэшгүй ачит та минь билээ хэмээх мөр бий.

Г.Нямсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...