СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН ТӨХӨӨРӨМЖИД ТУРШИЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн санал авах үйл ажиллагаанд ашиглах автоматжуулах төхөөрөмжийн иж бүрдлийн бэлэн байдлыг шалгах, ирц бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор туршилтын ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Өнгөрөгч лхагва гариг буюу 6-р сарын 2-ны өдөр улсын хэмжээнд сонгуулийн нийт 2087 хэсгийн хороонд байрлуулсан хяналтын камерын холболт, тусгал, нэгдсэн сүлжээнд холбосон байдал, ирц бүртгэлийн программын ажиллагааг туршжээ. Туршилтын ажилд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох ажлын хэсэг хяналт тавьж ажиллажээ.

Туршилтаар СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс өгсөн зааврын дагуу камерын нэгдсэн системийн туршилтыг 728 хэсэгт хийж, камерын тусгалыг сонгогчийн саналын нууцлалыг хангасан байдлаар суурилуулан, тусгалыг тохируулсан эсэхэд онцгойлон анхаарал хандуулсан байна. Сонгуулийн автоматжуулсан системийн найдвартай ажиллагааг хангах ийм төрлийн туршилтыг нийт гурван удаа явуулж, ажиглагчдад танилцуулах ажлыг зохион байгуулах аж.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...