ЦАХИМААР ЗАЛИЛАН ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮДЭД 1-8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр олон нийтийн сүлжээнд иргэд үйл ажиллагаа явуулах нь нэмэгдсэн. Энэ хэрээр иргэдийг цахим орчинд залилах гэмт хэрэг ч мөн нэмэгдсээр байна. Тухайлбал, цахим орчинд худалдаа наймаа эрхлэх, бараа материал солилцох болон хамтарч ажиллах санал тавих, сугалаа явуулах зэргээр иргэдийг залилж байна. Мөн хувь хүний фейсбүүк хуудас руу халдаж мөнгө залилсан гэмт хэргүүд түгээмэл бүртгэгдсээр байна.

ХУД-ийн Прокурорын газраас иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох цахим залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ. Эдгээр нэр бүхий иргэд 2019 оны 12-р сараас 2020 оны 9-р сар хүртэлх хугацаанд бусдын фэйсбүүк сүлжээнд хууль бусаар нэвтэрч, найзын холбоотой хүмүүст нь мөнгө зээлэхийг хүссэн утга бүхий зурвас илгээн, нийт 84 иргэнээс 66.853.354 төгрөгийг залилж авсан байна.   

ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 6-р сарын 2-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай”-д тооцон, таван иргэнд нь 1-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, бусад дөрвөн иргэнийг нийгмийн тустай хөдөлмөр хийлгэх ял оногдуулсан байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...