“ИСЛАМЫН УЛС” БҮЛЭГЛЭЛ ДАЙЧИДДАА ХАНДАН АМИА ЗОЛИОСЛОХООР ЕВРОП РУУ ЯВЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ “ГЭГЭЭРСЭН” ГЭМЭЭР ТУШААЛ БУУЛГАЖЭЭ

Лалын хэт тулгуур үзэл болох “Исламын улс“ бүлэглэл саяхан л Европт алан хядлага хийхийн төлөө юу ч хийхээс буцахгүй улайрч байсан билээ. Алан хядагч, амиа золиослогч нараа Европын аль нэг оронд шурган оруулахын тулд хэдэн арван сая долларыг хамаагүй цацаж байсан гэдэг.

Тэгвэл цар тахал Ковид-19 буурал тивийн бүх улс оронд эрчтэй хурдтай тархаж эхэлсэнээс хойш ИСУ буюу ЛАЛ-ын улс бүлэглэлийн толгойлогчид алан хядлагаас ухарч татгалзсан ариун шийдвэр гаргасан нь нэг талаар инээд хүрмээр ч юм шиг. Уг нь тэд чинь үхэхээс ч буцахгүй амиа золиослогчид биз дээ. Гэтэл саяхан Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн удирдагчид өөрийн дайчиддаа хандан Европ руу тахал намжтал орж болохгүй гэсэн тушаал гаргасан байна. Мөн хэрвээ европын аль нэг улсад тушаал хүлээн нам жим аж төрж байгаа Исламын даичин байгаа бол тус улсаас буцаж Ирак болон Сири лүү ирэхийг ч бас хориглосон ажээ.

Юунаас ч айж эмээдэггүй байсан Исламын алан хядагчид хүртэл “Ковид-19”-өөс айж байна гээд дотроо бодчих доо. Цар тахлаас болоод алан хядах, амиа золиослох үзэл санаанд хүртэл ийнхүү хувьсал өөрчлөлт гарч байгаа юм биш үү. Ер нь энэхүү ковид-19 нь өнөөг хүртэл дэлхий дээр амь бөхтэй бат цайз шиг оршин тогтсон нийгмийн байгууламж, үзэл баримтлал, амьдрах хэвшил, зан чанар гээд олон зүйлд тэс хөндлөн шал ондоо өөрчлөлт оруулна гэж судлаачид үзэж байгаа нь ортой бололтой. Алан хядлага хийхээс огт буцдаггүй хүмүүс хүртэл тэр ажлаа түр хойш нь тавия, тийшээ битгий очоорой, очсон бол харин битгий наашаа буцаж ирээрэй хэмээн бусдадаа анхааруулж байна гээд л бодчих доо.

Уг нь амиа огт хайрлахгүй, шашин, үзэл бодлынхоо төлөө үхэл рүү нүдээ аниад л үсрээд ордог хүмүүс биз дээ. Гэтэл тийм хүмүүс хүртэл өөрийнхөө хүмүүсийг европоос буцаж ирээд бидэнд тэр муухай өвчнөө бас наачих вий хэмээн болгоомжилж байгаа нь нэг талаар том эргэлт, огцом өөрчлөлтийн эхлэл биш гэж үү.

Сэтгэгдэл
Уншиж байна...