СОНГУУЛИЙН АМЛАЛТ

УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт тайлагнаад байна. Үндэсний Аудитын газраас мөрийн хөтөлбөрийг нь хүлээн авч, сонгуульд өрсөлдөх боломжтой гэж үзэх юм бол дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн чиг хандлагатай байна.

Эрх баригч Монгол Ардын Намын хувьд энэ удаа УИХ-д оролцохдоо “дундаж давхаргыг дэмжсэн” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан гэсэн тайлбарыг өгч байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Алсын хараа–2050” гэдэг урт хугацааны бодлогын баримт бичгээс эхний 4 жилд хэрэгжүүлэх бодлогын зорилтууд бол МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн гол мөрийн хөтөлбөр болж тусгагдаж байгаа гэжээ. Мөн өмнөх УИХ-ын сонгуулийн үеэр амлаж байсан амлалтууд энэ удаа МАН-ын амлалт дээр давхардах магадлал өндөр байна. Жишээ нь, Мега төслүүдийг дэмжих, Монгол улс далайд гарцтай болох чиглэлд зорилтуудыг дэвшүүлсэн гэсэн тайлбарыг хийжээ.

Үндэсний Аудитын газарт нийт 12 нам, 4 эвсэл болон хуваагдаж байгаагийн нэг эвсэл бол “Шинэ эвсэл” байлаа. Шинэ эвсэл нь “Шинэ эргэлтийн бодлого” гэсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулжээ. Энэ мөрийн хөтөлбөрийн гол заалтуудаас дурдвал “Хөгжлийн хүрд” гэдэг хөтөлбөрийг байгуулж, 200 мянган шинэ ажлын байр бий болгоно гэдэг зүйлийг ярьсан байна. Цаашлаад Авилга, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нь хэрэгсэхгүй болгох, мөн “Өргүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэжээ.

“Өргүй Монгол” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх юм бол?

1990 оноос хойш бий болсон Монгол улсын нийт өр болох 30 тэрбум долларыг 30 гэр бүлээр төлүүлнэ гэх амлалт! 30 гэр бүл гэж хэн бэ? 30 гэр бүл яагаад энэ өрийг төлөх ёстой вэ? гэдэг асуудал нийгэмд анхаарал татаж байна. Октябрийн хувьсгал буюу 1917 онд хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хурааж, социалист-коммунист нийгмийг байгуулж байсан ийм түүх бий. Тэгэхээр 30 гэр бүлийн хөрөнгийг хурааж аваад өр төлүүлнэ гэдэг энэ заалт нь “хувьсгал хийх юм болов уу” гэх олон нийтийн анхаарлыг татсан асуулт болж байна.

Сөрөгч хүчин буюу Ардчилсан Намын хувьд цалингийн доод хэмжээг 3 саяд хүргэнэ гэлээ. Гэхдээ цаашлаад ямар сюрприз барихыг хэлээгүй байна. Цалинг 3-5 саяд хүргэнэ, байр орон сууцны хүүгүй зээлээр хангана гэх мэт амлалтууд.

Цалинг 3-5 саяд хүргэх амлалт эдийн засгийн хувьд биелэгдэх боломж хэр бол?

Дэлхийн улс орнуудын дундаж цалин 3.5-аас 5000 мянган доллар буюу монгол мөнгөөр 9 саяас 13 сая төгрөг юм байна. Ингэхээр монголчууд 3-5 сая төгрөгийн цалин авах ёстой юу гэвэл, ёстой. Тийм боломж бол монголчуудад байх ёстой. Ямар арга замаар 3-5 саяд хүргэж, дундаж цалинг нэмэх вэ?

Эдийн засагчдын хэлж байгаагаар, бид өөрсдөдөө байгаа боломж нөөцөө ашиглах хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуй дээрээ суурилаад томоохон Мега төслүүдийг хөдөлгөөд явах юм бол бидний цалин нэмэгдэх боломж бий. Гэхдээ улс төрчид үүнийг хүсэж байна уу гэдэг нь тусдаа асуудал. Нөгөө талаас, одоогийн нөхцөл байдлаас ярих юм бол 2020-2024 оны хооронд эдийн засгаа тэлээд иргэдийн цалин 3-5 саяд хүрэх үү гэвэл боломжгүй. Яагаад гэвэл, 1-рт коронавирус нөлөөлнө. 2-рт цалин нэмэх асуудал бол урт хугацааны хөгжлийн бодлогоор л шийдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл улс төрчид, ЗГ тогтвортой ажиллаж байж өмнөх ЗГ-ынхаа, өмнөх төрийнхөө бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, залгамж чанарыг бий болгох хэрэгтэй. Ийм олон жилийн үйл ажиллагаагаар цалинг өндөрт өсгөх боломж бий болно. Улс орнуудын түүхийг авч үзэхэд, нэг нам 12-16 жил тасралтгүй Засгийн эрх барьж, дунд болоод урт хугацааны бодлогоо зөв, тууштай хэрэгжүүлж байж үр дүнд хүрч байсан. Гэтэл Монголд дөрөв дөрвөн жилийн хугацаатай намууд нь солигдоод байдаг. Учир нь ард түмнийхээ итгэлийг олж авч чаддаггүй.

Эндээс дүгнэхэд, сонгуулийн амлалт гэдэг бол 4 жилийн хугацаанд биелэгдэх зүйл биш нь ойлгомжтой. Ялангуяа 2004 оноос эхлэлтэй мөнгөний амлалтууд ард түмнийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулж, талцуулан хэрэлдүүлж, санал авахын тулд мөнгө хаядаг ийм тогтолцоо руу шилжсэнээс хойш ард түмэн улс төрийн хүчнүүдээс одоо ямар сюрприз, ямар гэнэтийн бэлэг барих бол гэж хүлээдэг, шүүмжилдэг болжээ.

Сэтгүүлч Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...